Сурагчид онолын мэдлэгээ музейн танхимд бататгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-09-04 17:56:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын яам, Монголын Үндэсний түүхийн музейтэй хамтран “Эртний төрт улсууд” музейн боловсрол хөтөлбөрийг танилцууллаа.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Монгол нутагт оршин тогтнож байсан эртний төрт улсуудын түүхийг танхимд судалсан сурагчид музейн үзмэр, археологийн  дурсгалуудтай танилцан, онолын мэдлэгээ бататган, харьцуулах, нэгтгэх дүгнэх чадвараа сайжруулж, багаар ажиллаж суралцах боломжтой болох юм.

Энэ удаагийн музейн боловсрол хөтөлбөрт Баянгол дүүргийн Монгени цогцолбор сургуулийн 7 дугаар ангийн сурагчид оролцов. Энэ үеэр сурагчид танхимд сонгосон сэдвийг тайлбарлагчаар тайлбарлуулан үзсэн юм. Хүүхэд залуучууд ур чадвараа хөгжүүлэхэд музейн гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх зорилгоор Соёлын сайдын тушаалын дагуу энэ сарын 1-нээс бүх музей 18 хүртэлх насны хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилж буй.

Энэ талаар Соёлын өвийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б. Даваацэрэн хэлэхдээ, “Музейгээр үйлчлүүлдэг гол хүмүүс нь хүүхдүүд байдаг. Хүүхдэд музейн үйлчилгээг хүртээмжтэй, үр ашигтай хүргэхийн тулд энэхүү хөтөлбөрийг зохион байгуулж байна. Ингэснээр хүүхдүүд танхимд үзсэн мэдлэгээ дээшлүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зэрэг олон боломжтой болж байна. Бидэнд цаг хугацааны хувьд таагүй үе тохиосон ч хөтөлбөрийг хүүхдийн хөгжилд нөлөөлөхүйц байхаар ажиллаж байна. Нийгмийн хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг нь хүүхдээр дамжиж байдаг. Эдгээр хүүхдийн ирээдүйн боловсрол, мэдлэгт үнэтэй хувь нэмэр оруулж байна” гэв. 

Ш.Мөнхбаяр


Холбоотой мэдээ