Ж.Батбаясгалан: Төсвийн хөрөнгөөр хийсэн бүтээн байгуулалт чанартай, үр өгөөжтэй байх ёстой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өчигдөр буюу энэ сарын 4-нд Багануур дүүргийн ажилтай танилцлаа.
Багануур дүүргийн хувьд энэ онд улс нийслэл, орон нутгийн сангийн хөрөнгөөр 50 төсөл хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнээс боловсрол, нийгмийн салбарт, мөн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын ажлууд дууссан байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 70 хувьтай байгаа бөгөөд энэ сарын 15-наас эхлэн гэр хорооллын иргэдийн зуух яндангийн битүүмжлэл, стандартын хэмжээнд байгаа эсэх асуудлаар хяналт шалгалтын ажлыг хийх аж. Багануур дүүргийн хувьд гэр хорооллын 4000 гаруй өрхтэй. Эдгээр айл өрхөд сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, зөв галлагааны зөвлөмжийг хүргэж ажиллахаар бэлтгэл ажил хангасан талаар Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн мэдээллээ.
Тус дүүргийн Эрүүл мэндийн төв одоогоор 135 ортой, хэвтэн эмчлэх 6 тасаг, нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх Поликлиникийн 21 кабинет Пара клиник, яаралтай тусламж хүлээн авах, уламжлалт нөхөн сэргээх эмчилгээ, Клиникийн эм зүйн тасаг угаалга, ариутгал, автограж, харуул хамгаалалт зэрэг инженер техникийн албатайгаар нийт 26 мянга орчим хүн амд болон хил залгаа Төв, Хэнтийн аймгуудын сумдын хүн амд эрүүл мэндийн хоѐрдогч шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус эмнэлгийн дэргэд 50 ортой төрөх эмнэлэг барьж байгаа бөгөөд одоогоор 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Эрүүл мэндийн нэгдсэн төвийн Чанарын албаны дарга Ц.Балжидмаа “Энэ оны 11 дүгээр сард 50 ортой төрөх эмнэлгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа боловч тоног төхөөрөмж, гадна дотно тохижилтын асуудал тулгарч байна. Эрүүл мэндийн төвийн гадна 10 мянган метр квадрат талбайг улсын төсвийн хөрөнгөөр тохижуулж байгаа боловч, ажлын явц удаашралтай байна” гэв.
Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан төрөх эмнэлгийн тохижилт, тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлыг Эрүүл мэндийн сайдад уламжилж, төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх боллоо. Мөн Эрүүл мэндийн төвийн гаднах талбайг тохижуулж буй “Шинчин Гранд” компанийн удирдлагуудтай уулзаж, энэ сарын 25-нд тохижилтын ажлыг бүрэн хүлээлгэж өгөх үүрэг өглөө.
Залуучуудын хөгжлийн төвд 10 мянган программист бэлтгэх төслийг хэрэгжүүлнэ
Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан “Багануур-Ус” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон, дүүрэгт барьж буй Залуучуудын хөгжлийн төв, дүүргийн 4 дүгээр хороонд шинээр баригдаж буй цэцэрлэгийн барилгын явцыг шалгалаа.
“Багануур-Ус” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Н.Буддорж өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар болон цэвэр усны төв шугамын шинэчлэл хийсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Цаашид дүүргийн хэмжээнд байгаа гүний худгуудыг бүрэн автоматжуулах шаардлагатай байгаа талаар дуулгалаа. Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан шаардлагатай төсөв санхүүтэй холбоотой асуудлыг Барилга хот, байгуулалтын яамны сайдтай хамтран шийдвэрлэх боллоо.
Залуучуудын хөгжлийн төвийн барилгын явц 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг барилгыг “Мөнхийн үргэлжлэл” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ сарын 15-нд хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ. Залуучуудын хөгжлийн төв нь нийт 6 давхар барилгад үзэсгэлэнгийн танхим, номын сан, фитнесс иог, иргэдэд зориулсан ажлын өрөөтэй байхаар тохижуулах аж.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй “10,000 программист” бэлтгэх төслийг Багануур дүүрэгт хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан дүүргийн Засаг даргад үүрэг болголоо.
Тэрбээр “Мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах зорилготой уг төслийг Багануур дүүргийн Залуучуудын төвд хэрэгжүүлье. Багануур дүүргийн хүүхэд залуучуудаас ирээдүйд мундаг программист, бэлтгэгдэж мэдээлэл технологийн шинэ алхам хийнэ гэдэгт найдаж байна” хэмээсэн юм.
100 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг барьж байна
Багануур дүүргийн 4 дүгээр хороонд шинээр барьж буй цэцэрлэгийн барилгын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байна. 100 ортой тус цэцэрлэг нь ирэх сард ашиглалтад орох аж. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж байгаа бөгөөд иж бүрэн тоглоомын талбайтай, ногоон байгууламжтай байхаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар гадна засварыг хийх хөрөнгөтэй холбоотой асуудал байгааг гүйцэтгэгч компанийн зүгээс хэллээ. Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох албаныханд төсөв санхүүтэй холбоотой асуудлыг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болгоод, цэцэрлэгийн барилгыг чанарын өндөр түвшинд аюулгүй байдлыг хангаж гүйцэтгэхийг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад санууллаа.
Багануур дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс МТ-шатахуун түгээх станц хүртэлх 1,2 км автозамыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьсан байна. Өнгөрсөн онд тус замын эхний хэсэг болох 500 метр газрыг “Хөвчийн зам” ХХК гүйцэтгэсэн бол энэ онд үлдсэн замыг “Тэгш плант” ХХК гүйцэтгэжээ. Гэвч энэ онд ашиглалтад оруулсан 500 метр автозамд торон хагарал үүсэж хүнд даацын автомашин зорчих боломжгүй болсон талаар тус дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн хэллээ.
Тэрбээр “Намаг ихтэй хэсэгт байрладаг автозам учраас доош ухаж болохгүй байсан талаар гүйцэтгэгч компани мэдэгдэж байсан. Хөрсний шинжилгээ буруу хийгдсэнээс болж маш их торон хагарал үүссэн гэх таамаглал бий.Одоогийн байдлаар гүйцэтгэгч компанийнхантай хамтраад Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна” гэв.
Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан улс нийслэлийн төсвөөр хийсэн бүтээн байгуулалтад хатуу хяналт тавьж ажиллах ёстой гэдгийг онцолж хэллээ. Мөн яаралтай Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргуулж, технологийн горимын дагуу чанарын өндөр түвшинд автозамыг барьж дуусгахыг гүйцэтгэх компанийн удирдлагуудад үүрэг болгов. Тэрбээр хэлэхдээ “Намаг ихтэй газарт автозам барьж байгаа бол технологийн горим алдагдуулалгүй, нарийн судалгаа хийж автозамаа барих байсан. Энэ мэт асуудал нийслэлд ч цөөнгүй тулгардаг учраас бодлогын яамдад хамтарч ажиллах санал хүргүүлнэ. Барилгын компаниудын үүрэг оролцоог нэмэгдүүлсэн, төрийн бодлогоор зангидсан шийдлийг хэрэгжүүлэхгүй бол дунд шатанд ажил цалгардаж байна. Улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийсэн бүтээн байгуулалт бүр чанартай, үр өгөөжтэй байх ёстой зарчмыг баримталж ажиллах хэрэгтэй” гэлээ.