Уурын зуухуудыг шинэчилж, дулааны шугамд холбоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх талаар хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны байгууллагын удирдлагуудтай энэ сарын 7-нд уулзлаа.
Засгийн газраас агаарын бохирдол бууруулах зорилт тавин ажиллаж байна. Тодруулбал, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж, нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглосноор агаарын бохирдол 2019-2020 оны өвөл 50 хувиар буурсан гэж шинжээчид дүгнээд байгаа юм. Цаашдаа 80 хувь хүртэл бууруулах зорилт дэвшүүлж ажиллах болно гэдгийг Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.
Нийгмийн хариуцлагын хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа хамтарч агаарын бохирдол, шахмал түлштэй холбоотой мэдээллийг нээлттэй болгох санаачилгыг Засгийн газраас гаргаж байна. Мөн энэ бүхнийг олон нийтэд сурталчилж, түлшний зөв хэрэглээг сурталчлах чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд:
-150 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж, орон сууцжуулах, гэр хороололд амины орон сууцны дэд бүтцийг шийдэх,
-Сайжруулсан түлшний нийлүүлэлтийг нэмнэ,
-Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг ашиглалтад оруулах,
-Уурын зуухуудыг шинэчилж, усан технологи руу шилжүүлэх, түр дулааны шугамд холбохоор төлөвлөсөн гэдгийг Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.