УГТЭ эмчлүүлэгчийн ар гэрийнхэнд зориулсан хүлээлгийн өрөөтэй болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын гуравдугаар төв эмнэлэг иргэд, үйлчлүүлэгчийн тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эмчлүүлэгчийн ар гэрийнхэнд зориулсан хүлээлгийн өрөөг шинээр засварлан тохижууллаа.
Эрүүл мэндийг дэмжигч байгууллага “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн дэмжлэгээр 91.96 ам дөрвөлжин метр талбай бүхий 3, 4 дүгээр хүлээлгийн өрөөг тохижуулжээ.
Уг өрөөнд ар гэрийнхэнд тусгайлан зориулсан эд зүйлс хадгалах,
байршуулах шүүгээ, номын тавиур, буйдан сандал, ширээ, эмчлүүлэгчийн биеийн
байдлыг цаг тухай бүрт мэдээлэх дэлгэц, самбар, камер, суурин утас болон ариун
цэврийн өрөө, тээш хадгалах хэсэг зэргийг гаргасан байна.
Тус эмнэлэгт өнөөдрийн байдлаар нийт 4 хүлээлгийн өрөө ажиллаж байгаа тул эмчлүүлэгчийн ар гэрийнхэн, иргэд, үйлчлүүлэгчдийг эмнэлгийн нийтийн эзэмшлийн зориулалтын бус хэсгүүдэд хэт олноороо цугларч, эмнэлгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй, эдгээр тусгайлан тохижуулсан хүлээлгийн өрөөгөөр үйлчлүүлж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, зөв боловсон ашиглаж, үйлчүүлэхийг уриалж байна.
Ташрамд дурдахад, тус эмнэлэг иргэд, үйлчлүүлэгч, эмчлүүлэгчийн ар гэрийнхэнд зориулан 2017 онд нэг давхрын 16 ам дөрвөлжин метр талбайд мэс заслын болон эрчимт эмчилгээний тасгийн эмчлүүлэгчийн ар гэрийнхэнд зориулсан хүлээлгийн өрөөг, 2019 онд 2 давхрын 12 ам дөрвөлжин метр талбайд эрчимт эмчилгээний тасгаар үйлчлүүлэгчийн ар гэрийнхэнд зориулсан хүлээлгийн өрөөг эмнэлгийн дотоод нөөц бололцоогоор болон “Барилгачин Залуучуудын Холбоо” ТББ-тай хамтран тохижуулсан юм.