Хүүхдийн автобусны тоог дөрвөөр нэмлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хүүхэд, багачуудын сурч хөгжихөд нь дэмжлэг үзүүлж, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Хүүхдийн автобус”-ны тоог дөрвөөр нэмэгдүүллээ.
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу боловсролын
салбарт 2017-2020 онд нийтдээ 26,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил
хийсэн. Тэр дундаа сурагчдыг аюулгүй нийтийн тээврээр зорчиход
дэмжлэг үзүүлж автобусыг жил бүр нэмэгдүүлж байна. Жилээс жилд тэлж,
хүн ам нэмэгдэж байгаа Дархан хотын хувьд сурагчдын автобусны хүрэлцээ хангамж муу, замын маршрут
хязгаарлагдмал байдал үүсч
байсан. Уг асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд 2018-2020 онд 7 автобусыг
362,5 сая төгрөгөөр худалдан авч, өнгөрсөн хугацаанд алслагдсан багийн 400
гаруй хүүхдэд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлжээ. Өнөөдөр энэхүү
автобусны тоог дөрвөөр нэмэгдүүллээ. Ингэснээр Ерөнхий боловсролын сургуулийн
сурагчид, сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдүүдэд үзүүлэх автобусны
үйлчилгээний чанар хүртээмж сайжран аюулгүй байдал хангагдах боломж тэлж байна. Үйлчилгээнд гарч буй автобусны
жолооч нарт аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат техникийн хэрэгслийн
гэрчилгээ гардуулан өгсөн юм.



