Нэг сая хүнийг вакцинжуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал болон манай улсад томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан энэ жил нэг сая хүнийг вакцинжуулна.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/, Хүн амын сан, Дэлхийн банкны санхүүжилтээр 500 мянга, улсын төсвийн хөрөнгөөр 500 мянган хүнийг вакцинд хамруулна. Эхний ээлжинд эмзэг бүлгийн хүүхэд болон эмнэлэг, сургууль, олон нийтэд үйлчилдэг үйлчилгээний ажилтнуудыг хамруулахаар төлөвлөсөн.
Өнгөрсөн онд 45 мянган хүнд дархлаажуулалтын вакцин хийжээ. “Олон улсын байгууллагууд онлайн хурал хийж, 2021 оны оны 10, 11 дүгээр сард вакцин гарах мэдээлэл өгсөн. Вакцин гармагц ДЭМБ хөгжиж байгаа орнуудад хамгийн түрүүнд өгнө гэсний дунд Монгол Улс багтаж байгаа. Хэрэв бусад улс орон төлөвлөж байгаа хугацаанаас өмнө вакцин гаргавал ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу тус байгууллагад бүртгэлтэй вакцинаар хүн амаа дархлаажуулна” гэдгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал өнөөдөр Гадаад харилцааны яаманд болсон хэвлэлий хурлын үеэр мэдээлсэн юм.