Алекс Хайкенс: Монгол Улс хүүхэд хамгааллын тогтолцоотой байхын ач холбогдлыг харууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сан, Хилийн чанад дахь хөгжлийн хүрээлэнгээс “Хүүхдэд зориулсан нийтлэг мөнгөн тэтгэмж-Бодлогын асуудлууд ба сонголтууд” тайланг энэ сарын 9-нд цахимаар танилцуулав.
Дунд орлоготой орнууд хүүхдэд зориулсан нийтлэг мөнгөн тэтгэмжид ДНБ-ийхээ 1 хувийг зарцуулахад ядуурлыг 20 хувиар бууруулах боломжтой гэж тус тайланд онцолжээ. Өндөр орлоготой 15 оронд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхэд бүрт олгосноор хүүхдийн ядуурал дунджаар 5 хувиар багассан байна. Хүүхдэд зориулсан нийтлэг тэтгэмж нь эрүүл мэнд, боловсрол, хүнсний аюулгүй байдал, бүтээмж, насанд хүрсэн хойноо нийгэм, эдийн засагт хувь нэмэр оруулах чадварыг дээшлүүлдэг нь батлагдсан байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Монгол Улс хүүхэд бүрт хүртээмжтэй байх тэтгэмжийн тогтолцоотой. Энэ нь ч "COVID-19"-ийн үед хүн амын орлого буурч, амьжиргаанд нь сөргөөр нөлөөлөх үед Засгийн газраас хүүхэд, гэр бүлүүдийг цаг алдалгүй дэмжих хамгийн үр дүнтэй боломжийг бүрдүүлэхэд нөлөөлсөн” гэв.
НҮБ-ын Хүүхдийн Сангаас олон улсын санхүүгийн байгууллагууд, Засгийн газруудыг хамтран ажиллаж, цар тахлын үед болон түүний дараа хүүхэд, гэр бүлд зориулсан нийгмийн хамгааллын зардлыг танахгүй байхыг уриалж байгаа юм. Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс, “Бүх хүүхдэд өрхийн орлогоос үл хамааран аливаа нөхцөлгүйгээр мөнгөн тэтгэмж олгосноор ядуурлыг хамгийн үр дүнтэй бууруулж, хүүхдийн эрх, улмаар нийгмийн эв нэгдлийг хангана. Мөн аливаа гэнэтийн цочрол, цар тахлын үед хүүхэд бүрт хүрдэг нийгмийн хамгааллын тогтолцоотой байхын ач холбогдлыг Монгол Улсын жишээ тод харууллаа” гэсэн юм.
Хүүхэд болон айл өрхөд олгох тэтгэмжийн хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлэхийн тулд үндэсний бодлогын тэргүүлэх чиглэлд багтааж, зохих санхүүжилтийг хуваарилах хэрэгтэй. Ялангуяа "COVID-19"-ийн үед хүн ам олонтой, төсөв, орлого багатай улс орнууд нэгдмэл байр суурьтай байх шаардлагатайг тайланд дурдсан байна. Түүнчлэн хүүхдэд зориулсан нийтлэг мөнгөн тэтгэмжийг нийгмийн хамгааллын цогц тогтолцоо, эрүүл мэнд, боловсролын чанартай үйлчилгээгээр дэмжих шаардлагатай байна.