Явуухулангийн нэрэмжит гудамж шинэ гэрэлтүүлэгтэй боллоо

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-09-15 13:41:20

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймгийн төв Улиастай сумын төв гудамж орчин үеийн гэрэлтүүлэгтэй боллоо.

Улиастай суманд хэрэгжиж буй “Гудамж” төслийн бүтээн байгуулалтын хүрээнд гэрэлтүүлгийн ажил дуусаж, энэ сарын 14-ний өдөр гудамжны шинэ гэрлийг албан ёсоор асаалаа. Улиастай сумын төв гудамж болох Дорнын их найрагч Б.Явуухулангийн нэрэмжит гудамжинд эрчим хүч бага зарцуулдаг, орчин үеийн 83 ширхэг лед гэрэл шинээр суурилуулжээ. Гудамж төслийн хүрээнд хуучин автозамыг дөрвөн эгнээ автозам болгож, явган хүний, дугуйн зам бүхий цогц замын ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлэн амжилттай  хийжээ. Тус автозамын дагуух хуучин байсан 110 ширхэг гэрлийг гэр хорооллуудад шилжүүлэн байршуулж байна. 2016 оны намар Улиастай хот 574 гэрэлтэй байсан бол өнөөдөр төв зам дагуу 1200 гэрэлтэй боллоо.

Өнөөдрөөс шинээр тавигдсан автозам дагуух дугуйн зам, явган хүний гарцууд, хатуу хучилттай авто замын тэмдэг тэмдэглэгээ, бусад засал чимэглэлийн ажлууд хийх аж. Өөрөөр хэлбэл, төв гудамж буюу Явуугийн гудамжны бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа оржээ. Харин Улиастай захын урд хэсэг, ногоон хашаа, бусад чиглэлийн ажлууд үргэлжилж байна. Гэрээний дагуу Гудамж төслийн ерөнхий гүйцэтгэгч "Төгс зам" ХХК тус бүтээн байгуулалтын ажлыг ирэх сарын нэгний өдөр гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 


Холбоотой мэдээ