БНХАУ АНУ-аас импортолж буй зарим барааг нэмэлт татвараас нэг жил чөлөөлнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Засгийн газар АНУ-аас оруулдаг 16 нэр төрлийн импортын барааг нэмэлт татвараас дахин нэг жил чөлөөлнө гэж тус улсын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Татвар, хураамжийн хороо мэдэгджээ.
Импортын татвараас чөлөөлөгдсөн бүтээгдэхүүний дотор малын тэжээлийн үйлдвэрлэлд ашигладаг загасны гурил, тослох эд, тосолгооны материал, тос, эмнэлэгт зориулагдсан цэнэгт бөөмсийн шугаман хурдасгуур зэрэг бараа бүтээгдэхүүн байгаа аж. Энэхүү арга хэмжээ 2021 оны есдүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ.
БНХАУ-тай хийж буй худалдааны хэлэлцээг хойшлуулсныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп наймдугаар сарын 19-нд мэдээлсэн билээ. Тэрбээр мөн долдугаар сарын 23-нд мэдэгдэл хийхдээ, коронавирусний цар тахалтай холбоотойгоор хоёр талын худалдааны гэрээнд ач холбогдол өгөх нь багассан болохыг дурджээ. Үүний зэрэгцээ, Трамп Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг БНХАУ их хэмжээгээр худалдан авч эхэлснийг хүлээн зөвшөөрсөн байна.