Ховд аймгийн ИТХ-ын XI хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-15 20:17:01

Ховд/МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын XI хуралдаан өнөөдөр нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд болж байна. Тус хуралдаанд аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс гадна сумдын засаг дарга, аймгийн албан байгууллага, хэлтэс агентлагийн дарга нар оролцож байна. 

Энэ удаагийн хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээж мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд хуралдааны эхэнд хурлын дэг, хэлэлцэх асуудал, дотоод журмыг танилцуулсан юм. 

Тус хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэнэ. Үүнээс хэлэлцэх асуудлын дараалал ёсоор “Аймгийн 2020 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай” илтгэлийг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав танилцуулсан бөгөөд төлөөлөгчдийн асуулт, саналыг тусгах замаар уг асуудлыг хэлэлцэн баталлаа.

Одоогийн байдлаар хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Ховд аймгийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах тухай” асуудлыг хэлэлцэж байна. Энэ удаа шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл сунгах талаар ес, шинээр зөвшөөрөл олгох тухай таван байгууллага хүсэлт ирүүлсэн байна.

Аймгийн ИТХ-ын XI хуралдааны үйл ажиллагаа нь мэргэжлийн байгууллагын зөвлөмж чиглэлийн дагуу шинэ төрлийн коронавирусний халдвараас сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Хуралдаанаар үргэлжлүүлэн "Аймгийн газар зохион байгуулалтын 2020 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" илтгэл, "Зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай" асуудлыг тус тус хэлэлцэх юм.  

Холбоотой мэдээ