Нийслэлийн дэд төвүүдэд тулгуурлан ЖДҮ эрхлэгчдийг дэмжиж ажиллана

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-09-15 20:07:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Жижиг, дунд бизнес эрхлэгч нарт зориулсан зээлийг ил тод нээлттэй олгоно" гэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан өнөөдөр мэдэгдлээ. 

Тус газар нь энэ оны 8 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар байгуулагдаад байгаа юм. Өнөөдөр нийслэлийн Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд "ЖДҮ-ийг хөгжүүлэх, гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан нь шинэ газрын бараг эхний ажил болж буйг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан хэлж байв. 

Тэрээр, "Бид илүү шударга, нээлттэй байх зарчмыг баримтлан ажиллаж байна. Учир нь иргэдийн орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх нь бидний үндсэн үүрэг. Цаашид нийслэлийн холбогдох агентлаг, дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвүүдтэй нягт хамтран ажиллана" гэдгийг онцолж байв.


Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан юм. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлыг хийж байна. Төслийн I шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлж, дэд төвүүдэд нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн ажлууд хийж байна. Эдгээр дэд төвд Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний нэгдсэн төв, Иргэдийн мэдээллийн төв, гомын сан, Азийн сан-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв, инкубаторын өрөө, дундын оффис зэрэг үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

Нийслэлийн Баянхошуу дэд төвөөр 17 компани бойжиж, 40 орчим ажлын байрыг бий болгоод байна.  

Өнөөдрийн хэлэлцүүлэгт Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга М.Батмагнай, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил, нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих төвийн дарга Н.Эрдэнэбаатар, дүүргүүдийн төвийн удирдлага, албан хаагчид болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.


Холбоотой мэдээ