Шинэ ном: Зовлон үзэж буй монгол хэл

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2020-09-16 17:37:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Доктор (Ph.D), дэд профессор С.Амартүвшиний бичсэн сэтгүүл зүйн тухай шүүмж ном уншигчдын гарт хүрээд байна. 

Тэрээр бичихдээ, өнөөдөр сонин хэвлэлд "Сүхбаатарын талбайн авто зогсоолын харуулын постыг буулгав" гэж харьяалахын тийн ялгалыг нэг өгүүлбэрт 4 дараалан хэрэглэснийг уншихад "хэл хугарах шахах" юм хэмээн эх хэлний дүрмийг гажуудуулж буйг жишээ дүгнэлтээр өгүүлжээ. "Уг нь сэтгүүлчдээ өмөөрч “цагийн дарамт”, “мэдээллийн шуурхай байдал”-тай холбож ийм алдааг нь нялзаахыг хүсдэггүй байлаа. Харамсалтай нь алдаа дутагдал хэрээс хэтэрч эх болсон хэлний маань ариун тунгалагт хир буртаг тунарч, итгэлд цөв суух боллоо” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэл найруулга болохоо байсныг судлаач, шинжээчийн үүднээс шүүмжилжээ. Ингэхдээ, энэ мэт монгол хэлний боловсрол дутсанаас үүдэлтэй найруулгын болон зөв бичих дүрмийн алдаа түгээмэл болсон нь эх хэл хянагчгүй, редакторгүй болсных хэмээн дүгнэсэн байна. 


Тэрээр зөвхөн эх хэлэнд санаагаа чилээд зогссонгүй. Сэтгүүлзүйн шүүмжийг номдоо өрнүүлж, үүндээ сэтгүүлч агсан Ц.Балдоржийн нэрэмжит шагналт уралдаанаас жишээ татахдаа, Монголд мэргэжлийн сэтгүүлзүйг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй тус уралдааны анхны шагналтнууд сэтгүүлч Б.Ганчимэг, Д.Оюун-Эрдэнэ нарын тогтоосон "улаан шугам"-ыг давах бүтээл, нийтлэл нэвтрүүлэг, ярилцлага өнөөдөр гарахгүй байна уу гэсэн асуултад мөн хариулт бичжээ. Ийнхүү зохиогч нэг номд сэтгүүлзүйн нийтлэл, нэвтрүүлгээс гадна ном бүтээлийн шүүмжийг эх хэлний найруулга, сэтгүүлчдийн бүтээлээр дамжуулан өрнүүлсэн нь ховор бөгөөд сонин. 

Тодруулбал, тэрээр "МН 25-р суваг" телевизийн “Сэрэлт-3” реалити шоуны “сэм дуран” ашиглан үзэгчдэдээ хагалгааны өрөөний цаана ямар орчин байдлыг харуулсан нэвтрүүлгийн шүүмж, “Балдоржийн шагналт бүтээлүүдийг сонжихуй” шүүмж, “Монголын нууц товчоо”-ноос муу бүтээл төрөх ёсгүй зэрэг өнөө цагийн сэтгүүл зүйн туурвилыг нийт 3 хэсэгтэй 15 дэд гарчигтай номдоо оруулжээ. 

Доктор (Ph.D), пэд профессор С.Амартүвшин  нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүлзүйн тэнхимд багшилж байна. 


Холбоотой мэдээ