Иргэд сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ хянах боломжтой

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-09-17 17:31:36

Увс /МОНЦАМЭ/. 10-р сард болох орон нутгийн сонгуулиар иргэд саналаа өгөхийн тулд сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө butrgel.gov.mn хаягаар нэвтэрч шалгах боломжтой аж. Хэрэв мэдээлэл зөрүүтэй тохиолдолд харьяа оршин суугаа газрынхаа улсын бүртгэлийн байгууллагад гомдол хүсэлтээ гаргаж, залруулах боломжтой байна.

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг энэ оны 10-р сарын 15-ны өдөр байхаар тогтоосон. Энэ хүрээнд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.4-д зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрсийн жагсаалтыг өнгөрсөн 7-р сард өөрийн цахим хуудаст байршуулсан. Одоо энэ сарын 20-ны өдөр сонгогчдын нэрсийн жагсаалт урьдчилсан байдлаар санал хураах хэсгүүд дээр хүргэгдэх бөгөөд иргэд, сонгогчид харьяа хэсэг дээрээ очоод өөрийн мэдээллээ шалгах боломжтой. Хэрэв мэдээлэл зөрүүтэй тохиолдолд Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан болон Улсын бүртгэлийн байгууллагад гомдол хүсэлтээ өгөх хэрэгтэй” хэмээн аймгийн УБХ-ийн иргэний ахлах бүртгэгч Ц.Амгаланнамжил хэллээ.

 

Холбоотой мэдээ