Дэслэгч генерал Ш.Арвайн хувийн хөмрөгийг Үндэсний төв архивын сан хөмрөгт хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-17 12:16:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Нийгэм, эдийн засгийн зөвлөлд зөвлөх эрхтэй Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн академич, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Шавийн Арвайн хувийн хөмрөгийг Үндэсний төв архивын сан хөмрөгт хүлээн авлаа. 


Энэхүү үйл ажиллагааг Монгол Улсад орчин цагийн хил хамгаалах байгууллагыг үүсгэн хөгжүүлсний 87 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа юм.


Ш.Арвайн хувийн хөмрөгийг түүх намтар, шагнал, албаны болон сонгуульт ажлын холбогдолтой баримт, эрдэм шинжилгээний зохиол, хамгаалсан эрдмийн ажил, олны хүртээл болгосон ном, илтгэл, дурсамж, хувийн цуглуулга, дурсгалын зүйл, гэрэл зураг гэсэн бүлэгт ангилан төрөлжүүлж хадгаламжийн нэгж бүрдүүлснээр нэгэн алдарт генералын хувийн хөмрөгийн баримтаар Үндэсний төв архивын сан хөмрөг баяжуулж байна.


Ёслолд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Ш.Арвайн гэр бүлийнхэн, Архивын ерөнхий газрын удирдлагууд, албан хаагчид болон Хил хамгаалах ерөнхий газар, Хилийн цэргийн төв архив, Дотоод хэргийн их сургуулийн удирдлагууд болон бусад зочид төлөөлөгч нар хүрэлцэн иржээ.


Үндэсний төв архивын сан хөмрөгийг Монголын ард түмний амьдрал, хөгжлийн түүхийг тусгасан эрдэм шинжилгээ, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын ач холбогдолтой бүх төрлийн архивын баримтаас бүрддэг бөгөөд үүний нэг хэсгийг төр, нийгэм, боловсрол, соёл шинжлэх ухаан, анагаах ухаан, урлаг соёл, утга зохиолын гэх мэт олон салбарын эрдэмтэн, судлаачид, түүхэн бие хүмүүсийн хувийн гаралтай баримт бүрдүүлдэг.

 

 


Холбоотой мэдээ