У.Хүрэлсүх: 150 мянган айлын орон сууц барихад Дарханы төмөрлөгийн үйлдвэр чухал үүрэг гүйцэтгэнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-09-17 16:48:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн ажилтай танилцлаа.


Тэрбээр “Энэ үйлдвэр 150 мянган айлын орон сууц барих зорилтыг биелүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ёстой. Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ” гэв.


1990 онд байгуулсан "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компани уул уурхайн олборлолт, боловсруулалт, төмөрлөгийн үйлдвэрлэл, гадаад болон дотоод худалдаа зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд улсдаа металлургийн анхдагч, хамгийн том ган үйлдвэрлэгч юм. Гангын үйлдвэр нь жилдээ 121,7 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108.7 мянган тонн бэлдэц, 100 мянган тонн цувимал үйлдвэрлэх хүчин чадалтай. 2017 онд анх удаа даралтаар боловсруулах технологи ашиглан хагас өөрөө нунтаглагч тээрмийн ган бөмбөлөг үйлдвэрлэж, бүрэн автомат тоон удирдлагын систем бүхий Евро стандартын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. Мөн нэмүү өртөг шингээсэн, импортыг орлох, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, чанартай ган бөмбөлөг үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн өдөр Цемент, шохойн үйлдвэрт ажиллалаа. Энэ үйлдвэр 37 жилийн хугацаанд 6.7 сая тонн цемент, 1.5 сая тонн шохой үйлдвэрлэж зах зээлд нийлүүлжээ. Цаашид өндөр хүчин чадалтай тээрэм угсрах, шохойн утааг багасгах, цемент шохойгоор хийж болох бүх төрлийн бетон хийц эдлэл, барилгын материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэн бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ