Палеонтологийн хүрээлэнгийн эрдэмтэд үлэг гүрвэлийн маш ховор зүйлийг нээжээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-09-18 14:02:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ШУА-иас 2020 онд хийж хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлынхаа  голлох үр дүнг цувралаар танилцуулж байна.

Энэ удаа Палеонтологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын онцлох  судалгааны үр  дүнг  хүргэж байна.  

        Палеонтологийн шинжлэх ухаанд өмнө нь мэдэгдэж байгаагүй, үлэг гүрвэлийн маш ховор зүйлийг нээлээ

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутгаас палеонтологийн шинжлэх ухаанд өмнө нь мэдэгдэж байгаагүй, үлэг гүрвэлийн маш ховор зүйлийг нээлээ. Энэхүү судалгааны үр дүн нь олон улсын зэрэглэл өндөр “Nature - Communications Biology сэтгүүлйн энэ сарын 10-ны дугаарт хэвлэгдэв. Энэхүү амьтныг Beg tse хэмээн нэрлэсэн бөгөөд эртний Буддын дайны бурхан болох Beg-tse (Бэгз)-ийн хуягтай тус үлэг гүрвэлийн хацрын ясан дээрх гүвдрүү маягийн анатомийн шинж нь ижилхэн харагддаг юм байна. Beg tse үлэг гүрвэл нь одоогоос 113-94 сая жилийн өмнө амьдарч байжээ. Ойролцоогоор 80 см орчим урттай, өвсөн идэшт үлэг гүрвэл бөгөөд Баянзаг, Төгрөгөн ширээ зэрэг олдворт газраас түгээмэл олддог Protoceratops хэмээх эвэрт үлэг гүрвэлийн өвөг болж таарч байгаа юм. ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаач доктор З.Бадамхатан болон доктор Ц.Чинзориг нар ажилласан энэхүү ховор олдворыг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн болон Америкийн Байгалийн Түүхийн музейн хамтарсан хээрийн экспедицийн судалгаагаар 2015 онд анх олсон байдаг. Олдворыг 5 жилийн турш судлан өнөөдөр үр дүн нь хэвлэгдэн гарч байгаа ажээ.

                 410 орчим сая жилийн өмнө амьдарч байсан эртний загасны шинэ төрөл, зүйлийг илрүүллээ

Одоогоос 410 орчим сая жилийн өмнө амьдарч байсан эртний загасны шинэ төрөл, зүйлийг илрүүлэн судалж Nature - Ecology & Evolution сэтгүүлийн энэ сарын 7-ны дугаарт хэвлүүлжээ. Тус эртний загасны олдворыг Увс аймгийн нутаг дахь Түргэний тусгай хамгаалалттай газраас олсон бөгөөд Монголын шилдэг геологич нарын нэг асан Ч.Минжин болон олсон газрын нэрээр Minjinia turgenensis хэмээн шинжлэх ухаанд нэршүүлжээ. Энэхүү судалгааг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн болон Английн Империал коллежийн хамтын ажиллагааны үр дүн хийжээ. Тус эрдэм шинжилгээний бүтээлд Палеонтологийн хүрээлэнгийн судлаач Э.Зориг болон Байгалийн түүхийн музейн судлаач доктор Я.Ариунчимэг нар оролцжээ.

Холбоотой мэдээ