Азийн 19 дүгээр наадам БНХАУ-ын Ханжоу мужийн 6 хотод болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-23 11:12:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн 45 улсыг эгнээндээ нэгтгэдэг Азийн олимпын зөвлөл /АОЗ/-ийн хурал жилд 1 удаа хуралддаг. Энэ удаагийн хурал 2020 оны есдүгээр сарын 15-нд цахимаар болсон байна.


Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны ерөнхийлөгч, Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар 2019 оноос АОЗ-ийн Хэвлэл мэдээллийн хороонд сонгогдон ажиллаж байна.


АОЗ-ийн ХМХ-ны тус хурлаар 2021-2022 онд Ази тивийн хэмжээнд болох томоохон тэмцээн, их наадмын зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч санал солилцжээ.



2021 онд Гуандонг мужид болох Азийн Залуучуудын наадам, БНХАУ-ын Найянг хотноо болох Азийн Далайн эргийн спортын 3 дугаар Их наадам, Тайланд улсад болох Азийн тулааны спортын их наадам зэрэг гурван томоохон наадмын хувьд тус тусын мэдээлэл, сурталчилгааны сувгуудыг амжилттай зохион байгуулж байгаа аж.


Харин 2022 онд БНХАУ-ын Ханжоу мужид болох Азийн 19 дүгээр наадмын хэвлэл, мэдээллийн бэлтгэл хэрхэн явагдаж байгаа тухай дэлгэрэнгүй хэлэлцэв. Наадмын хувьд сэтгүүл, вэб хуудас, олон нийтийн сүлжээ гэсэн олон сувгаар тусгай хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Азийн 19 дүгээр наадам БНХАУ-ын Ханжоу мужийн 6 хотод 40 спортын 51 төрлөөр болох бөгөөд 53 спорт цогцолбор, 31 бэлтгэлийн заал, танхимыг ашиглах юм.


Олимпын хотхоны дэргэд “Олимпын хэвлэл мэдээллийн тосгон”-ыг тусгайлан барьж байгуулж байгаа нь 2022 оны наймдугаар сард бүрэн дуусах юм. Олимпын шууд дамжуулалт болон хэвлэл мэдээллийн тендерийн саналыг энэ оны тавдугаар сард хүлээн авч дууссан байна. Харин. улс орон бүрээс сурвалжилга хийх хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүсэлтийг 2021 оны 10 дугаар сард хүлээн авч дуусах бөгөөд зөвшөөрөл авсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зориулсан нэгдсэн сургалтыг 2022 оны гуравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна.



Хуралдаанаас дараах асуудалд анхаарал тавих нь чухал гэж үзсэн байна. Үүнд:


АОЗ-ийн ХМХ-ны нийт гишүүн өөрийн улс оронд төдийгүй Ази тив даяар 2022 оны Азийн олимпын наадмыг өргөн цар хүрээнд сурталчилх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийг татан оролцуулахад анхаарах хэрэгтэй.


Ташрамд дуулгахад, Катарын Олимпын хорооны вэб сайт Ази тивийн хувьд хамгийн шилдэг вэб сайт гэж тооцогддог бөгөөд Азийн наадмын өмнө улс орнууд мэдээлэл түгээх сувгаа аль болох өргөжүүлэхийг чармайх нь зүйтэй.


Азийн наадамд зориулсан вэб хуудас болон олон нийтийн сүлжээгээр явуулах мэдээ, сурвалжлагад Азийн алдартай тамирчдыг оролцуулж байгаа тул улс орон бүр өөрийн алдартай тамирчдын талаар болон спортын амжилтын талаараа олон мэдээлэл бэлтгэж АОЗ-ийн сэтгүүл болон бусад сувагт оруулах хэрэгтэй.


АОЗ-ийн ХМХ-ны гишүүд 2021 оны Азийн тэмцээн уралдаан, наадмуудын хэвлэл мэдээлэл, шууд дамжуулалтын бэлтгэл, зохион байгуулалтыг шалгах ажлын багуудыг томилон ажиллуулах юм байна.

Холбоотой мэдээ