Налайхын автозамын өнгө хучилт хийхээр замын цэвэрлэгээг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-23 15:36:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайхын автозамын өнгө хучилтыг хийхээр замын цэвэрлэгээг эхлүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр 07.00 цагт Налайхын замд ажиллаж, барилгын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхийг холбогдох албаныханд анхааруулав.

Тэрбээр замын ажлыг технологийн горим алдагдуулалгүй хийхээс гадна замын ачааллыг нэмэгдүүлэхгүйн тулд хэсэгчлэн хаах чиглэлийг албаныханд өгсөн. Налайхын замыг бүрэн хаахгүйгээр таван үе шатаар хэсэгчилж хаахдаа эхний зорчих хэсгийн арын хэсгийг хучиж байх хооронд зорчих хэсгийн урд хэсгийн хөдөлгөөнийг сөрөг урсгалд оруулна. Иймд иргэд, жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, замын тэмдэг, тэмдэглээний дагуу зорчихыг Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас зөвлөлөө. 

Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын автозамын хяналтын мэргэжилтэн С.Түмэндэмбэрэл ”Налайхын 20,9 км автозамыг 15 хоногийн хугацаанд хэсэгчлэн хааж өнгө хучилт,  явган хүн, дугуйн зам,  гүүрэн гарц,  тохижилтын ажил хийнэ. Цементээр бэхжүүлсэн суурь хоёр үе хийсэн байгаа. Үүн дээр нэмээд суурь асфальт 10 см тавьсан бол өнгө хучилтыг 4 см тавихаар төлөвлөсөн” гэв.

Налайхын 20.9 км замыг хэсэгчлэн хаах үед хөдөлгөөний зохицуулалт хийх талаар зураглал гаргажээ. Үүнд:

Есдүгээр сарын 23-25-ны хооронд Налайх, Чойр хоёр руу салдаг бөмбөрцөгтэй гурван замын уулзвараас баруун тийш Оргил худалдааны төв хүртэл хоёр хоног хаана. Ингэхдээ замынхаа хот руу явах буюу баруун гар тал руу явах урсгалыг хаагаад зүүн гар тал руу явах урсгалыг сөрөг хөдөлгөөнтэй болгоно.

Есдүгээр сарын 25-28-ныг хүртэл Хонхороос дараагийн буцаж эргэх уулзвар хүртэл замыг хааж, өнгө хучилтын ажлыг хийнэ.

Есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл Ургах наран хорооллоос дараагийн буцах эргэлт хүртэл хойд талын урсгалыг хаана.

Аравдугаар сарын 1-4-ний хооронд МТ колонкоос буцаж эргэх хүртэл замыг хааж өнгө хучилт хийнэ.

Аравдугаар сарын 4-8-ныг хүртэл Улаанбаатар руу орох хэсгийн замыг хаана. Гэхдээ Улаанбаатараас гарах урсгалд хот руу ирж байгаа хөдөлгөөнийг сөрөг урсгалд оруулан явуулахаар төлөвлөжээ. Мөн Улиастайн уулзвараас хуучин гүүр хүртэлх замын барилгын ажил, Оргилын уулзвараас Тэрэлж рүү салдаг хэсэгт Налайхын 20.9 километр зам доогуур туннелээр гарч буй 2.5 километр замын ажил үргэлжилж байгаа.

Холбоотой мэдээ