Аймгуудын аварга шалгаруулах тэмцээний дээд шатанд Ховдын баг тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-23 15:48:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 21 аймгийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Төв цэнгэлдэх хүрээлэнд 6 өдөр үргэлжилж дээд шатанд Ховд аймгийн баг, I шатанд Дорноговь тэргүүллээ.


Тус тэмцээнд анх удаа 20 аймгийн шигшээ баг оролцсон нь тэмцээний түүхэнд хамгийн олон баг оролцсон дээд амжилт болов. Мөн улсын их баяр наадмын ногоон дэвжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд болсноороо өмнөх жилүүдээс онцлогтой байв.


Шилдгийн шилдэг найман баг өрсөлдсөн дээд шатны тоглолтууд эцсийн мөч хүртэл үзэгч олныг баясгаж, Ховд аймгийн баг Орхон аймгийн багийг 1:0-ээр хожиж 21 аймгийн АШТ-ий аваргын цомыг анх удаагаа өргөлөө. Өнгөрсөн жилийн аварга Орхон аймгийн баг мөнгөн медаль, 2016 оны аварга Дорнод аймгийн баг хүрэл медаль хүртэв.


Харин 12 аймгийн шигшээ баг өрсөлдсөн нэгдүгээр шатанд Дорноговь аймгийн шигшээ баг аварга болж, Говьсүмбэр аймгийн баг мөнгөн медаль хүртлээ. Тус хоёр аймгийн шигшээ ирэх жил 21 аймгийн АШТ-ий дээд шатанд дэвшин тоглох эрхийг давхар авсан юм. Харин Төв аймгийн баг энэ шатны гуравдугаар байрт орж хүрэл медалийн эзэд болсон юм.


Тэмцээний хаалтын өдөр тэргүүн байрын багууд медаль, мөнгөн шагналаа гардан авсан юм. Мөн шилдэг тоглогчдыг тодруулсан юм. Тодруулбал:


Дээд шат:


Шилдэг хаалгач – Э.Энхсүх /Орхон/

Шилдэг хамгаалагч – Н.Бямбадорж /Ховд/

Шилдэг хагас хамгаалагч – Э.Отгонбаяр /Дорнод/

Шилдэг довтлогч – О.Мөнхсайхан /Дархан/



Нэгдүгээр шат:


Шилдэг хаалгач - Б.Баяржаргал /Дорноговь/

Шилдэг хамгаалагч: Б.Анхбаяр /Дорноговь/

Шилдэг хагас хамгаалагч – Э.Энхмөнх /Говьсүмбэр/

Шилдэг довтлогч - Д.Энх-Эрдэнэ /Дорноговь/



Холбоотой мэдээ