10 мянгаас дээш хүн амтай суурин газрууд цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдана

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-09-23 19:10:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрууд цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлтөд хамрагдана.

Агаарын бохирдлыг багасгах зорилгоор Төв, Зүүн, Өмнөд, Баруун, Алтай-Улиастайн бүсийн эрчим хүчний системийн нэгдсэн сүлжээнд холбогдсон гэр хорооллын тарифт тоолууртай өрхийн тухайн оны 11 дүгээр сараас дараа оны 3 дугаар сарыг дуустал оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлнэ. Энэхүү хөнгөлөлтөд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн төв, 3 сум (Хархорин, Мандал, Замын-Үүд)-ын гэр хорооллын тарифт тоолууртай 189,5 мянга орчим айл өрх хамрагдах юм.

Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх журмын дагуу хүйтний улиралд нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг 50 хувь хөнгөлж ирсэн. Энэ тогтоолоор баталсан журмын хоёрдугаар зүйлийн 2.2 дахь заалтыг “100 хувиар” гэж өөрчлөхөөр холбогдох яамдаас саналыг авч, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлүүллээ.

Холбоотой мэдээ