Венесуэлд АУБ-ын ажиглагчдыг оролцуулсан сонгууль явуулахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-25 13:07:22

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Америкийн улсуудын байгууллага, НҮБ, Европын холбооны ажиглагчдын оролцоогүйгээр явуулсан сонгуулийг шударга гэж Венесуэлийн сөрөг хүчин үзэхгүй хэмээн Хуан Гуайдо мэдэгджээ.


“12 дугаар сарын 6-нд товлосон шударга бус, ичгүүртэй сонгуулиас бид татгалзаж байна. Үндэсний ассамблейд ерөнхийлөгчийн сонгуулиас гадна чөлөөт сонгууль явуулахыг бид хүсэж байна. Бидэнд Америкийн улсуудын байгууллага, НҮБ, Европын холбооноос ирэх олон улсын ажиглагчид хэрэгтэй. Бид эдгээр байгууллагыг оролцуулах талаар ярих цагт л жинхэнэ шударга сонгууль явуулах боломжтой” гэж Венесулэийн сөрөг хүчний удирдагч Гуайдо цохон тэмдэглэжээ.


Түүнээс гадна Үндэсний сонгуулийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөхгүйгээр шударга санал хураалт явуулах боломжгүй гэж Гуайдо үзэж байна.


Өмнө нь Венесуэлийн Засгийн газар 12 дугаар сарын 6-нд болох парламентын сонгуульд НҮБ, Европын Холбооны ажиглагчдыг урьжээ. Ерөнхийлөгч Николас Мадурогийн мэдэгдсэнээр, АУБ-ын ажиглагчдыг Венесуэл дахь үйл ажиллагаанд оролцохыг зөвшөөрөхгүй гэжээ. 

Холбоотой мэдээ