Долоон барилгын газрын эрхийг цуцлах санал гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-25 15:37:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-аас  барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй компаниудад хийсэн хяналт шалгалтынхаа дүнг өнөөдөр танилцууллаа.


Шалгалтыг энэ оны 4 дүгээр сард эхэлсэн бөгөөд ирэх сарын 15-ныг дуустал үргэлжлэх юм. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шинээр барьж буй 985 барилгыг шалгахад зөвшөөрөлгүй 127 барилга, байгууламж, архитектур төлөвлөлтийн даалгаваргүй 33,  батлагдсан зураг төсөлгүй 37, барилгын норм дүрм зөрчсөн 39 байжээ.


Эдгээр барилгыг барьж буй аж ахуйн нэгж байгууллагуудад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу эрх бүхий албан тушаалтны 53 албан даалгавар хүргүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу 18 зөрчлийн хэрэг нээж, хялбаршуулсан журмаар 35-ыг шийдвэрлэж 29 иргэнд 22 сая 700 мянган төгрөг, 24 ААН байгууллагад 186 сая төгрөгийн торгууль ноогдуулсан байна.


Буулгах шаардлагатай 26 барилга байгууламжийн саналыг МХЕГ, Захиргааны хэргийн шүүх, Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт, барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүргийг зөрчин барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа 7 барилга байгууламжийн захиалагч иргэн аж ахуйн нэгжүүдийн газрын эрхийг цуцлах саналыг БОАЖЯ-нд, зөрчлийг арилгуулсаны дараа барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх боломжтой 92 барилга байгууламжийн саналыг Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлэх болжээ.


НМХГ-ын Дэд бүтэцийн хяналтын хэлтэсийн дарга М.ГантулгаУлаанбаатар хотыг хөгжүүлэх цаашдын төлөвлөгөөнд Яармаг орчмыг орон сууцтай хороолол болгохоор тусгасан. Гэтэл тухайн газар нь тусгай хамгаалалттай газар нутаг гэж хуульд заагаад өгчихсөн байна. Ингэхээр хотыг хөгжүүлэх төлөвлөгөө Газрын тухай хуультай зөрчилдөж байгаа юм. Үүнийг цаашид холбогдох эрх бүхий байгууллагууд шийдвэрлэх байх гэж найдаж байна. Захиргааны хэргийн шүүх Монголын Үндэсний их сургуулийн барилгын ажлыг болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ОНӨАТҮГ наран шарлагын тохижилтын ажлыг зогсоох шийдвэр гаргасан. Аж ахуй нэгж байгууллагууд барилга байгууламж барихдаа хуулиа судлахгүй байна. Эхлээд барилга, байгууламжаа бариад дараа нь бичиг баримтаа бүрдүүлчихнэ гэдэг байдлаар хандаж байна” гэлээ.  

Холбоотой мэдээ