Дундговь аймаг Турк Улстай хамтран ажиллана

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-09-28 22:26:49
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнийн урилгаар Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал тэргүүтэй ажлын хэсэг тус аймагт айлчлан, албан уулзалт хийлээ.

Тус уулзалтад Элчин сайд М.Ахмет Язал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Турк Улсын ЭСЯ-ны Худалдааны төлөөлөгч Серкан Улуёол, ЮНИДО төслийн зохицууулагч Г.Мөнхболор, Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан нар болон аймгийн удирдлагууд, төр, ТББ-ын төлөөлөл оролцож, тус аймагт хонины ноос, ингэний сүүний бяслаг, махны чиглэлийн үйлдвэр байгуулах талаар санал солилцон, тохиролцоонд хүрсэн байна.  

Тус аймгийн Сайнцагаан сумын нутгийн хонь мах, ноос, өөхний хосолмол ашиг шимтэй омог болон батлагдсан бөгөөд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-аас тус сумын хонины ноосны чанарыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм. Цаашид сайн үүлдрийн энэ хонины ноосыг экспортлон өртгийг нэмэгдүүлэхийн тулд стандартын дагуу аймагтаа ноосоо хяргаж бэлтгэх шаардлага байгаа ажээ.  

Мөн энэ үеэр Хулд сумын нутагт ингэний сүүний бяслагны үйлдвэр байгуулах боломжийг судлан, ажлын хэсэг газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцсан байна.

Уулзалтын үр дүнд Дундговь аймагт хонины ноос, ингэний бяслаг, махны үйлдвэр байгуулах гурван төслийг Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт ЭСЯ-нд хүргүүлэхээр тохиролцсон аж. 

Холбоотой мэдээ