“Мөнххада стронг мэн” тэмцээнд 12 хүчтэн бяраа сорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-29 15:01:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, “Мөнххада” компанитай хамтран “Мөнххада стронг мэн” анхдугаар тэмцээнд пауэрлифтингийн олон улсын тэмцээн уралдааны медальтай 12 тамирчин өрсөлджээ.

 

Цахим орчинд хүнд даацын машиныг шүдээрээ чирч олныг гайхшруулсан Эрдэнэт хотоос оролцогч Ц.Гантулгаас бусад нь хүчний спортын тамирчид байв. Тэмцээний эхний даалгавар нь тавцан, гол төмөртэй нийлээд 950 кг, 200 литрийн савлагаатай дөрвөн ширхэг техникийн тосыг газраас татаж өрсөлдлөө. Энэ төрөлд Ази тивийн аварга, ОУХМ Тилеуберд Сайфолла түрүүлэв.

 

Тамирчдын дараагийн буюу хурд хүч, тэвчээрийг шалгасан тэмцээний хоёр дахь үед 25 кг, 10 ширхэг элстэй савыг таван метрийн зайд тавьсан 1,5 метр өндөртэй тавцанд цагтай уралдан зөөж байрлуулах даалгаврыг гүйцэтгэсэн юм. Энэ төрөлд өнгөрсөн жилийн “Талын хүчтэн” стронг мэн тэмцээнд түрүүлсэн Багануур дүүргийн тамирчин З.Ирээдүй тэргүүлэв. 


Гурван тамирчны оноо тэнцсэн тул нэмэлт тэмцээн зохион байгуулснаар  200 кг-ээр савласан элстэй савыг  хэн хол зайд аваачих даалгаврыг гүйцэтгэхээр боллоо. Энэ төрөлд Б.Хадбаатар 25 метр зайг туулснаар нийлбэр дүнгээр дэд байрт орж, хүрэл медалийн тавцанд Тилеуберд Сайфолла, Ц.Бат-Эрдэнэ нар гарлаа. Медаль хүртсэн тамирчдад мэргэжлийн сумо бөхийн 69 дэх ёкозүна, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргалын гарын дардас, өндөр үнэ бүхий хөнгөлөлтийн эрхийн бичгийг гардуулсан юм. Түүнээс гадна “Мөнххада стронг мэн” тэмцээнийг жил бүр “Тоёота Мөнххада” компанийн талбайд зохион байгуулах болов.

Холбоотой мэдээ