Т.Идэржавхлан Сербийн нээлттэй тэмцээнд түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-21 10:39:25

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Сербийн нийслэл Белград хотод шатрын нээлттй тэмцээн болж байна.


Тус тэмцээнд 139 орны 180 орчим шатарчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас их мастер Г.Мөнхгал, олон улсын мастер Х.Итгэлт, ФИДЕ мастер М.Ананд, Б.Амин-Эрдэнэ тэргүүтэй 20 гаруй тамирчин оролцож байгаа юм.


Тэгвэл “Serbia Open 2025” тэмцээний чэлленжерс ангилалд их мастер Г.Мөнхгалын шавь Т.Идэржавхлан нэг ч хожигдолгүй түрүүлжээ. Энэхүү ангилалд 154 шатарчин оюун ухаанаа уралдуулахад “Их заргач” клубын шатарчин Т.Идэржавхлан есөн өргөөс найман оноотойгоор алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Өдгөө 14 настай түүний хувьд +190 пунктээр өсгөөд зогсохгүй Монголын шатарчдын 2025 оны олон улсын тавцан дахь анхны цомыг өргөлөө. Түүний хувьд долоо хожиж, хоёр тэнцсэн байна.


Энэ ангилалд манай улсаас 10 шатарчин өрсөлдсөн бөгөөд кандитат мастер З.Нарансолонго 14, М.Санчир 17, Б.Батбилэг 44, Б.Сайнбуян 49, Л.Сэлэнгэ 58, Ц.Тэнүүн 66, А.Отгонжаргал 67, З.Наранзаяа 75, Г.Мөнхтулга 96 дугаар байрт шалгарчээ.

Холбоотой мэдээ