УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Франц улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-10-01 18:26:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүсэлтийнх нь дагуу өнөөдөр хүлээн авч уулзлаа. 


Уулзалтын эхэнд Элчин сайд Филипп Мэрлин Франц улсын хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтын хүрээнд хоёр улсын хамтран  хэрэгжүүлж байгаа “Нийслэлийн агаарын тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх”, “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх”, “Эгийн голын усан цахилгаан станц”, сэргээгдэх эрчим хүчний “Сайншанд салхин парк” төслийн талаар мэдээлэл өглөө. Мөн Дорноговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Франц улсын хөрөнгө оруулалттай “Бадрах Энержи” ХХК–ийн үйл ажиллагааны талаар болон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тулгарч буй асуудлыг шийдвэрлэн, шуурхай шийдвэрлэхэд дэмжихийг хүслээ.


УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн дээр дурдсан төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, тулгарч буй бэрхшээлийг судлан, хариуцлагатай хандахаа илэрхийлэв. Мөн хоёр орны парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулж, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн тоог нэмэх саналаа Элчин сайдад тавьсан юм.  

Холбоотой мэдээ