Бельги, Герман, Италид шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-10-07 17:14:55

ЛОНДОН. /BBC/. Европын орнуудад “COVID-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.


Францын нийслэл Парис хотод эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгийн орны 40 гаруй хувь нь дүүрсэн гэж эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид мэдээлжээ. “Pasteur” институтийн тооцоолж буйгаар, уг үзүүлэлт энэ сарын эцэс гэхэд 100 хувьд хүрч болзошгүй аж.


Германы нийслэл Берлин хотод зоогийн газар, шөнийн цэнгээний газруудад 23-06 цагийн хооронд хөл хорих цаг тогтоохыг үүрэг болгожээ. “Бид яг одооноос шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхгүй бол дахин хөл хорио тогтооход хүрнэ” гэж Берлин хотын захирагч Майкл Мюллер хэлжээ.


Италийн Ерөнхий сайд Жузеппе Контегийн өнөөдөр гарын үсэг зурсан хуулийн дагуу италичууд маргаашнаас биедээ амны хаалт заавал авч явж, гадуур явах үедээ ихэнх тохиолдолд зүүх шаардлагатай болно.


Бельгийн иргэд баасан гаргаас гэрээсээ гадуур гурваас олноороо уулзах боломжгүй болно.


Финландад халдварын тохиолдлын тоо өдөрт 227-гоор нэмэгдсэн бөгөөд Засгийн газар энэ долоо хоногийн амралтын өдрүүдээс эхлэн эрт хаахыг зоогийн газар, шөнийн цэнгээний газруудад үүрэг болгохоор төлөвлөж байна.


Чехэд өдөрт халдварын тохиолдлын тоо өмнө нь бүртгэгдэж байгаагүй хамгийн олноор буюу 4457-гоор нэмэгдсэний зэрэгцээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо огцом өсжээ. 

Холбоотой мэдээ