Ерөнхий сайдын орон нутаг дахь томилолт Хэнтий аймгаас эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-10 15:19:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн ажил байдалтай танилцах үеэрээ Хэрлэн сумын гуравдугаар багт барьж байгаа Орон нутаг судлах музейн барилгын явцтай танилцав.



Ерөнхий сайд өнгөрсөн оны зургаадугаар сард тус аймагт ажиллахдаа шавыг нь тавьж байсан юм. Өнөөдрийн байдлаар барилгын суурь, каркас цутгалт, гадна инженерийн шугам сүлжээний ажил дууссан. Гадна өрлөг, дотор сантехник зэргийн явц 45 хувьтай байгаа бөгөөд 12 дугаар сард ашиглалтад оруулах тухай гүйцэтгэгч “Монкон констракшн” компанийн захирал танилцуулав. Гурван тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын зураг төслийг “Гоби травел” компани зохиосон байна.



Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн өдөр дөрөвдүгээр багийн нутагт баригдсан 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн нээлтэд оролцлоо. Монгол Улсын Засгийн газар, АНЭУ-ын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд улсын хэмжээнд гурван цэцэрлэг барихаар болсны дагуу нэг нь ийнхүү Хэнтий аймгийн төвд ашиглалтад орлоо.



“Голомт өргөө” компанийн боловсруулсан зураг төслийн дагуу “АТТАЧР” компани цэцэрлэгийн барилгыг жил гаруйн хугацаанд барьсан байна. Хэнтий аймагт өнгөрсөн сард 200 хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад хүлээн авсан бол энэ сард багтаан 50 хүүхдийн ортой өргөтгөл, ирэх онд мөн 50 хүүхдийн ортой өргөтгөл барина. Ингэснээр тус аймагт цэцэрлэгийн асуудал бүрэн шийдэгдэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  иргэдтэй уулзсаныхаа дараа Сүхбаатар аймгийг зорино гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ