“Дээд лиг”-ийн аваргын төлөөх тоглолт өнөөдөр эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-12 10:51:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн 2019-2020 оны улирлын аваргын төлөө Лигийн 6 удаагийн аварга “SBL Хасын Хүлэгүүд” баг,  хошой аварга болсон “Алдар Танан Гарьд” багтай өрсөлдөхөөр болсон билээ.


Тэдний эхний тоглолт өнөөдөр Спортын төв ордонд 19 цагаас болно. Тус хоёр баг өнгөрсөн баасан /2020.10.09/ гарагт өрсөлдөгч багуудаа илүүрхэн хожсон юм. Тухайлбал, “SBL Хасын Хүлэгүүд” баг, “Хан-Уул Хангарьд” 106:82 гэсэн 24 оноогоор буюу 12 бөмбөгөөр илүүрхсэн хожсон байна. Ийнхүү цувралыг 4:1-ээр дуусгасан “SBL Хасын Хүлэгүүд” баг 2012 оноос хойш долоо дахь удаагаа, сүүлийн таван жил дараалан лигийн аваргын төлөө шалгарч байна.


Харин “Алдар Танан Гарьд” баг, “23 Storms” багийг 103:96-гаар хожсоноор “Дээд лигийн” аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болов. Ийнхүү “Алдар Танан гарьд”, “SBL Хасын Хүлэгүүд” багууд 2019-2020 оны улирлын "Дээд лиг"-ийн аваргын төлөө  дахин шалгарч үлдлээ.


Өнгөрсөн жил энэ 2 баг аваргын төлөө тунаж, “Алдар Танан Гарьд” баг цуврал 7 тоглолтонд 4:3-аар хожиж “Дээд лиг”-ийн аварга болж байсан юм.

 

Холбоотой мэдээ