AIBA-гийн ээлжит чуулганыг цахимаар зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-12 17:07:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сонирхогчдын боксын холбоо/AIBA/-ны ээлжит чуулганыг 2020 оны 12 дугаар сарын 12-13-нд цахимаар зохион байгуулах шийдвэрийг Гүйцэтгэх хорооноос гаргажээ.


Чуулганаар гишүүн холбоодын төлөөлөл AIBA-гийн шинэ дүрмийг батлах, холбооны ерөнхийлөгчөө сонгох юм. Мөн холбооныхоо санхүүгийн байдлыг хэлэлцэнэ. AIBA-гийн түр ерөнхийлөгч Др.Мохамед Мустахсане бүх үндэсний холбоонд захидал бичиж, удахгүй болох уг цахим конгрессыг хэрхэн явуулах талаар санал бодлоо илгээхийг уриалжээ. Гишүүдийн олонх нь өнөөгийн дэлхий нийтэд тархсан “COVID-19” халдварын үед цахим чуулган зохион байгуулах нь хамгийн зөв шийдэл гэдэгтэй санал нэг байгаа аж.

 

ОУОХ-ны тэргүүн Томас Бах AIBA-г ямар нэг шинэчлэлт, өөрчлөлт хийгээгүй байна гэж хатуу шүүмжилж, холбооны өнөөгийн удирдлагыг өөрчлөхгүй бол Токиогийн олимпын наадамд боксын тэмцээнийг хасах магадлал өндөр байгааг анхааруулсан юм.

 

Ташрамд дуулгахад, Спортын Арбитрын шүүхийн /CAS/ арбитрч, Швейцарын иргэн Бернхард Генрих Уэлтен AIBA-гийн Ёс зүйн комиссын даргаар ажиллахаар болжээ. Б.Г.Уэлтен 1966 онд төрсөн, хуульч. өмгөөлөгч аж. Тэрбээр Швейцарын Бернийн Их Сургуулийг 1995 онд төгсөж, 1999 онд АНУ-ын Хойд Каролина мужийн Дьюкийн Хуулийн Сургуулийг /law school of Duke University, in Durham, North Carolina/ төгссөн бөгөөд герман, англи, итали, франц хэлээр ярьдаг, Испани хэлээр ойлгодог.

 

Ноён Уэлтен нь олон улсын спортын хуулийн хэргүүдийн CAS арбитрч бөгөөд 100 гаруй хэргийг дангаараа буюу багийн ахлагч арбитрчаар тус тус ажиллажээ. Мөн 2018 оны 2 дугаар сард БНСУ-д болсон өвлийн олимпын наадмын CAS ad hoc Panel-ийн гишүүн байсан юм. Тэрбээр Бернез, Цюрих, Швейцарийн Хуульчдын холбоо, Union International des Avocats, International Bar Association, Associations Suisse de l'Arbitrage (ASA), Cour-ын гишүүн юм байна.

 

Холбоотой мэдээ