“Хүнсний систем дэх өөрчлөлт” хэлэлцүүлэг болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хүнсний өдрийг “Хамтдаа ургуулж өсгөе, ундаалж хооллоё, тогтвортой хөгжье” уриан дор тэмдэглэж, өнөөдөр “Хүнсний систем дэх өөрчлөлт” сэдвээр Монгол Улсад суугаа зарим улсын Элчин сайд “Блю скай” зочид буудалд хэлэлцүүлэг хийв.
Хүнсний
үйлдвэрлэлийн тогтолцоонд өөрчлөлт шаардлагатай ч яаж оновчтой хийх тодорхой
зүйл бага байна. Ялангуяа цар тахлын үед улам төвөгтэй байгаад Элчин сайд нар
анхаарал хандуулж, тэдний санал бодол, гарц шийдлийг сонслоо. ХХААБ-ын суурин
төлөөлөгч Винод Ахужа, “Улс орнууд бүс нутгийн хэмжээнд нэгдэн, өлсгөлөнд
нэрвэгдсэн нэгнээ тэтгэх, байгаа хоол хүнсээ зохистой хэрэглэх ёстой”-г онцлов.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов “Одоогийн
хэмжээнээс илүү хүнс үйлдвэрлэх боломжгүй. Хүмүүс үүний тодорхой хувийг хэрэглэхгүй
муутгаж, хаядаг. Энэ хандлагыг өөрчлөх хэрэгтэй”-г хэллээ.
ХХААБ-аас
өнгөрсөн онд дэлхийн 690 сая шахам буюу дэлхийн хүн амын 9 орчим хувь өлсгөлөн,
750 сая гаруй хүний хүнсний баталгаат байдал ноцтой байдлаар алдагдсан нөхцөлд амьдарч
байна гэсэн тооцоо гаргажээ.
НҮБ-ын ХХААБ 1945
оны 10 дугаар сарын 16-нд байгуулагдсан. Гишүүн орнуудын дээд хэмжээний
чуулганаар энэ өдрийг 1981 онд Дэлхийн хүнсний өдөр болгож, 40 дэх удаагаа
тэмдэглэж байна. Өдгөө дэлхийн 150 гаруй орон тэмдэглэдэг. Дэлхийн хүнсний
өдрөөр хүнс үйлдвэрлэл, хүнсний хаягдал, эрүүл шим тэжээллэг хүнсний талаар
мэдээлэл хүргэхээр “Хүн+С” үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн
музейд энэ сарын 22 хүртэл зохион байгуулна.