Daily Mail: Амгалан тайван Швед орон мафийнхны оромж болжээ

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2020-10-18 20:40:42

Цагаачдаас бүрдсэн мафийн дээрэмчид Шведийн хотуудын гудамжинд айдас хүйдсийг авчирч, бөмбөг дэлбэлж, хүмүүсийг алж хядаж байна. Европын хамгийн либерал орон гэгдэх энэ улсын цагдаагийн удирдлага хууль, дэг журмыг сахиулж чадахгүй болсон гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрсэн тухай Их Британийн “Дэйли Мэйл” сонинд нийтлэлч Жэйк Уоллис Саймонс бичжээ.


Ердөө тавхан жилийн өмнө Швед орон цагаач дүрвэгсдийг алгаа дэлгэн халуун дотноор угтан  авч байлаа. Гэтэл Ойрхи Дорнод, Хойд Африк, Балканы гэмт хэрэгтнүүдийн бүлэглэлүүд нэвтрэн орж ирснээр өмнө нь амгалан тайван байсан Шведийн хотуудад гэмт хэргийн тоо огцом өсөх болжээ. Цагдаагийнхны ярьснаар, зөвхөн өнгөрсөн онд гэхэд тус улсад 257 удаа дэлбэрэлт болж, 300 гаруй удаа хоорондоо буудалцсан тохиолдол бүртгэгджээ. 


8 дугаар сард Гётеборг хотод урьд өмнө огт сонсогдоогүй нэгэн явдал болов. Юу вэ гэвэл, Али Хан-ы гэр бүлийн мафийн бүлгийнхэн хотын зүүн хойд дүүргийн замууд дээр хаалтууд босгож, өөрсөдтэй нь өрсөлддөг мафийн бүлэглэлийн гишүүдийг хайж илрүүлэхийн тулд замаар өнгөрсөн автомашин бүрийн бүхээг рүү гэрэл тусган шалгаж байжээ.


Цагдаа нар хаалтуудыг буулгаж, 20 гаруй хүнийг баривчилсан боловч прокурорын газраас тэднийг хууль зөрчөөгүй гэж үзээд суллажээ.


Хүчирхийллийн давалгаа дэгдсэний уг шалтгаан нь цагаачидтай холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс Шведийн Ерөнхий сайд Стефан Лёвен зайлсхийсээр байна. Нөхцөл байдал хяналтаас гарч, тухайн сэдвээр чимээгүй байхаа амласан цагдаа нар дуугарч эхлэв. “Хоёр жилийн өмнө гэхэд, гэмт хэргийг цагаачлалтай холбон ярьж байсан хүмүүсийг арьсны өнгөөр ялгаварлах үзэл гаргасан гэж буруутгаж байсан бол одоо харах өнцөг өөрчлөгдөж байна” гэж Гётеборгийн цагдаагийн газрын дарга Эрик Нурд ярилаа.


Шведийн цагдаагийн газрын дэд дарга Матс Лёфтвинг-ийн хэлснээр, Шведэд 40 гаруй мафийн бүлэглэл үүрлээд байгаа аж. Тэдгээрийн дотроос Али Ханы гэр бүлийн 120 хүнээс 60 нь 15-аас дээш насных бөгөөд 30 гаруй хүн ял эдэлсэн байна.


Шведийн цагдаа нар болон хэвлэлийнхэн Али Ханы гэр бүлийг мафийн бүлэглэл гэж нэрлэдэг. Хариуд нь Али Ханыхан “гэр бүлээс маань хэдэн хүн ял эдэлж байгаа нь мафийн бүлэглэл гэдгийг нотлох баримт биш” гэж няцаадаг. Сүүлийн хоёр жилд Али Хан-ы гэр бүлийн гишүүд 200 гаруй удаа цагдаагийн газарт дуудагдсан бөгөөд ихэнх тохиолдолд цагдаад гомдол гаргасан хүмүүс учир битүүлэг шалтгаанаар өргөдлөө татан авчээ.  


Өрхийн тэргүүн болох 63 настай Хашим Али Хан нуруундаа сумны шархтайгаар 1984 онд Шведэд анх иржээ. Ливаны иргэний дайнаас дайжсан тэрбээр Гётеборг хотын зүүн хойд дүүрэг дэх Ангеред гэдэг нам гүм газарт суурьшсан байна. 

Хашим Али Хан 


Дундаж амьжиргаатай хүмүүсийн суудаг орчин үеийн байшинд төвхнөсөн урт буурал сахалтай тэтгэврийн хөгшин Али Хан гэртээ ахимаг насны хамаатан садангуудтайгаа байнга уулзана. Баасан гарагт бүр ойролцоох сүмд очиж мөргөл үйлдэх ба тулааны урлаг болон бусад зүйлийг заана.


2019 онд тэтгэврийн өвгөнийг хоёр ч удаа баривчилсан бөгөөд нэг удаад нь гэртээ хууль бусаар пулемёт буу хадгалж байсан нь илэрчээ. Түүнийг огт шийтгэж байгаагүйн учир нь, насанд хүрээгүй ач хүү нь цагдаагийн хэлтэст очоод, өөрийгөө пулемёт хадгалж байсанд буруутай гэж мэдүүлэг өгсөн гэнэ.  


Али Ханы 7 хүүхдийн 2-ыг нь, түүнчлэн тэдний гурвынх нь эхнэрүүдийг хүний амь хөнөөх, хар тамхины наймаалах, цагдаа нарт заналхийлэх, бусдын биед хүнд гэмтэл учруулах, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах зэрэг хэргээр яллажээ. Мөн 34 ач зээ нараас нь 9 хүн шоронд суусан аж. 


Гётеборг хотын зам дээр босгосон хашилт хаалтууд бол ердөө л мөсөн уулын орой гэсэн үг. Шведэд мафийн 40 бүлэглэлээс гадна өөр хоорондоо байнга сөргөлддөг дээрэмчдийн хэдэн зуун жижиг бүлэг бий. Сүүлийн 3 жилийн нэг л сард нь хүн амины хэрэг гараагүй бөгөөд Германтай харьцуулахад Шведэд санаатайгаар үйлдсэн хүн амины хэргийн тоо 10 дахин олон байна. 


Өнгөрсөн зун Стокгольм хотын ойролцоо 12 настай охин тэнэсэн суманд оногдон амиа алджээ. Зэвсэглэсэн хоёр этгээд сургууль руу нь ирж буй цагдаагийн газарт мэдээлсэн нэг багшийг мафийнхан хулгайлан авч яваад зодсон хэрэг Гётеборгт гарлаа. 2016 онд айлд зочлохоор ирсэн 8 настай британи охин гранатын дэлбэрэлтэд өртөн амиа алдав.


Өнгөрсөн сард Даларн их сургуульд солилцоогоор суралцахаар Бурлэнге хотод ирсэн гадаадын оюутнууд сургуулийн захиргаанд өргөдөл гаргаж, цагаачид голдуу амьдардаг дүүргээс өөр газарт шилжүүлж өгөхийг хүссэн аж. Учир нь, тус газарт буудалцаан, хулгай дээрэм, хүйтэн зэвсэг хэрэглэсэн халдлага, хүчирхийлэл, сургуулиудыг галдан шатаах хэргүүд байнга гардаг байна.  


Швед бол аль эртнээс л дэлхийн хамгийн нээлттэй улс гэж тооцогдсоор ирсэн бөгөөд 1980-аад оноос цагаачдыг хүлээн авч, 2015 онд цагаачлалын хямралын ид үед Европын орнуудын дотроос хамгийн олон дүрвэгчийг нутагтаа суурьшуулсан байна. 

Цагаачдын хоёрдахь давалгаа. 2015 он 


Али Ханы гэр бүлийнхэн болон бусад хүмүүс 30 жилийн өмнөх цагаачлалын анхны давалгааны үеэр Палестин ба Туркийн зүүн өмнөд нутгийн Мардин мужаас  Шведэд ирж төвхнөжээ.  


Сүүлийн үед ирж буй цагаачид мафийнхны ахуй орчинд дасан зохицож амьдрахаас аргагүй болж байна. Сириэс ирсэн Оудай Альвакед гэхэд, Али Ханы гэр бүлийн байлдагч болжээ. Фади Али Ханд үнэнчээр зүтгэж байсан тэрбээр хоёр жилийн өмнө эсрэг талын этгээдийн хүзүү рүү нь хутгалсан хэргээр шоронд суусан байна.    


Нөгөөтэйгүүр, Гётеборгийн цагдаагийн газрын дарга Нурд-ын ярьснаар, улсаас олгодог янз бүрийн тэтгэмж нь гэмт хэрэгтнүүд Шведэд ирж орогнох шалтгаан болж байна.  


“Тэд манай улс дахь нийгмийн халамжийн өгөөмөр тогтолцоо, олон нийтийн итгэмтгий зан байдлыг урвуулан ашигладаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй мөнгөний тал нь мафийнхны гарт ордог. Зарим үед улсаас дахиад нэг байр авахын тулд дээрэмчид гэр бүлээ цуцлуулдаг ба дараа нь салсан эхнэрүүдтэйгээ эргэж нийлээд илүү орон сууцаа түрээслүүлдэг” гэж Нур ярьсан юм. 


“Ойрхи Дорнод, Хойд Африк, Балкан дахь овог аймгийн тогтолцоо Шведэд шилжин төвхнөснөөр “мутаци”-д орж, зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ болж хувирдаг”.

“Цагаачид хэдэн сарын хугацаагаар Шведээс гарч яваад хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэр дээр суун эргэж ирээд, улсаас тахир дутуугийн тэтгэмж нэхдэг. Ийм маягаар шулан мөлжлөг эхэлнэ. Цагдаагийн байгууллагын хүч хөрөнгийг бидний өөрсдийн бий болгосон асуудлыг шийдэхийн тулд зарцуулж байгаа нь аймшигтай” гэж Нур ярилаа.


“Гэр дотор муур байхгүй бол хулганууд ширээн дээр гарч ирээд бүжиглэдэг. Шведэд сүүлийн 30 жилийн турш муур байхгүй байна. Цагдаа нар гудамжинд эргүүл хийхгүй байгаа учраас хийж болох, болохгүйн эрхзүйн зааг хязгаар хаана байдаг вэ гэдгийг шинээр ирсэн хүмүүст зааж зөвлөж чадахгүй байгаа юм” хэмээн цагдаагийн байгууллагад 42 жил ажилласан байцаагч Ульф Бустрём ярьж байна. 


“Овог отгийнхны хувьд дуугүй байх дүрэм үйлчилдэг. Тэд Шведийн төрийн байгууллагад итгэдэггүй, бидэнтэй ярилцдаггүй. Зөвхөн Гётеборгт гэхэд 184 үндэстэн ястны хүмүүс амьдарч байна. Эдгээр овог аймгийнхны хувьд, швед хүмүүс бол төрийн захиргааны байгууллагыг удирддаг ердийн нэгэн отог аймгийнхан юм. Бид цагаачдыг нийгэмд дасан зохицоход нь туслах төлөвлөгөө боловсруулсан боловч бүтэлгүйтэсэн. Шведийн газар шороон дээр амьдарч буй гэмт хэрэгтнүүдийн гэр бүлүүдэд өөрсдийгөө халдашгүй мэт үздэг бүхэл бүтэн үе бойжиж байна.. Энэ бүхэнд бид өөрсдөө буруутай, гэтэл улстөрчид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж цагдаагийн ахмад ажилтан хэллээ.

 


Али Ханы бүлэглэлийн тухай “Гэр бүл” гэдэг ном бичсэн Юханна Бэкстрём Лернебю ярихдаа “жирийн шведчүүдийн хувьд өөрсдийнх нь аюулгүй байдлыг хангаж чадна хэмээн төр засагтаа итгэдэг бол овог аймгийнхан зөвхөн гэр бүлийнхэндээ итгэдэг. Тэдний хувьд гэр бүл нь амь наснаас нь илүү чухал, төр засаг ямар ч хэрэггүй. Тэд цагдаа нартай харьцдаггүй, ярилцдаггүй. Тэд өөр ертөнцийн орон зайд амьдардаг” гэлээ.


Гэмт хэрэгтнүүд улам даварч, өмгөөлөгч нарыг эгнээндээ элсүүлэн авах хүртлээ хүчирхэгжсэн байна. Энэ онд Эдип Самуэльссон гэдэг өмгөөлөгч дээрэмчдийн бүлгийн хоёр гишүүн мэдүүлгээ өөрчилж, хоорондоо тохиролцоход нь тусалсан хэргээр торгуулийн ял хүлээсэн аж.  


Бусад дээрэмчдийн бүлэглэлээс ялгаатай нь гэвэл, гэр бүлийн мафийнхан мах цусаараа холбогдож, гэр бүл доторх шатлан захирах ёсыг чанд баримтална. Али Ханы бүлэглэлийн ахмад гишүүд Гётеборг хотын төв дэх “Кларион” гэдэг таван одтой зочид буудалд Бакийн бүлэглэлийнхэнтэй эвлэрлийн хэлэлцээ хийснээр дайн дуусав. Уг зочид буудал хотын цагдаагийн газраас ердөө 400-хан м-ийн зайд байдаг аж.


“Хоёр тал эвлэрсэн нь сайн зүйл мэт. Гэвч энэ нь цагдаагийнханд улам их түгшүүр төрүүллээ. Хоёр бүлэглэл одоо цагдаа нарт мэдэгдэлгүйгээр ажиллах ба тэд юу хийж байгааг бид мэдэх боломжгүй болно” гэж мөрдөгч Бустрём эцэст нь хэллээ. 


Б.Адъяахүү


Эх сурвалжууд: https://www.dailymail.co.uk/news/article-8818631/Swedish-police-chiefs-plead-resources-migrant-mafia-gangs-terrorise-country.html

https://inosmi.ru/social

Холбоотой мэдээ