Эмэгтэй шатарчид V байрт шалгарч, шөвгийн 8-д туналаа

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-10-20 15:25:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шатрын холбоо болон Азийн шатрын холбооноос 10 дугаар сарын 10-25-нд www.chess.com цахим сайт дээр зохион байгуулж буй Ази тивийн цомын аварга шалгаруулах онлайн багийн тэмцээний эмэгтэй ангилалд Монголын баг, тамирчид тавдугаар байрт орж, шөвгийн наймд шалгарлаа.

 

Багийн ахлагч ДШХМ С.Ган-Од

1-р ширээ ИМ Б.Мөнгөнтуул

2-р ширээ ОУМ Б.Баярмаа

3-р ширээ ДШХМ Б.Алтантуяа

4-р ширээ ДШХМ Д.Мөнхзул

Нөөц тоглогч: ДМ Б.Удвал


Монголын эмэгтэй багаас хувийн дүнгээр буюу онооны үзүүлэлтээр 2 дугаар ширээнд ОУМ Б.Баярмаа 3 дугаар байрт, 4 дүгээр ширээнд ДШХМ Д.Мөнхзул 1 дүгээр байрт тус тус шалгарлаа.


Уг тэмцээний эмэгтэй ангилалд Ази тивийн 31 орны нийт 155 шилдэг шатарчид цагийн хяналт талдаа 15 минут, нүүдэл бүрт 5 секундын нэмэгдэлтэй түргэвчилсэн буюу рапид төрлөөр өрсөлдлөө. Швейцарь системээр 9 өрөг тоглож эхний найман байрт шалгарсан багууд дараах хуваарийн дагуу хасагдах шатны тоглолтууд хийж, аваргуудаа тодруулах юм.


Шөвгийн наймд шалгарсан багуудын хэсгийн тоглолт ирэх 10 дугаар сарын 23-нд 14:00-17:00 цагт


Шөвгийн дөрөвт үлдсэн багуудын хагас шигшээ тоглолт 10 дугаар сарын 24-нд 14:00-17:00 цагт


Шигшээ тоглолт аравдугаар сарын 25-нд 14:0-17:00 цагт тус тус www.chess.com цахим сайт дээр зохион байгуулах юм.


Монголын эмэгтэй баг 10дугаар сарын 23-ний өдөр шөвгийн наймд  Вьетнам улсын багтай, эрэгтэй баг Энэтхэг улсын багтай тус тус шөвгийн 4-ийн төлөөх цагаан, хараас нийт 2 өргийн халз тоглолт хийнэ. Монголын баг, тамирчид Мэдээлэл технологийн үндэсний паркийн байранд өндөр хурдны интернэт, сүүлийн үеийн компьютерт суурилан тоглоно.

Холбоотой мэдээ