УЛААНБААТАР КИНО НААДМААС ОНЦЛОХ ЗУРГААН ҮЗВЭР

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2020-10-20 16:25:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


“Улаанбаатар” олон улсын кино наадам 12 жилдээ зохион байгуулагдаж байна. Нээлтийн киногоор С.Бямба найруулагчийн “Хэвтрийн хүн” кино шалгарсан бөгөөд “Нээлтийн киноны уралдаант хэсэг”-ийн “Шонхор шувуу” цомыг Монголын Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл нээлтийн үйл ажиллагааны үеэр гардуулан өгсөн юм. Харин энэ сарын 21-нд “Монгол киноны уралдаант хэсэг” буюу “Хангарьд” цомын эзнийг шалгаруулах юм. Тус хэсэгт найруулагч Ж.Сэнгэдоржийн “Гэргий”, Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө”, Б.Отгонзоригийн “Эмэгтэй” зэрэг кинонууд өрсөлдөж байгаа билээ.


Ийнхүү “Улаанбаатар” олон улсын кино наадмын үеэр 2019-2020 онд бүтээгдсэн Франц, Монгол, Герман, Итали, Хятад, Тайвань, Япон, Иран, Швейцарь, Бразил, Австрали зэрэг нийт 11 орны 19 бүтээлийг толилуулах юм. Өнгөрсөн жилийн “Улаанбаатар” олон улсын кино наадмаар бид дэлхийн олон орны кино наадмаас шагнал хүртэж, Оскарын эзэн болсон “Шимэгч” киног үзсэн билээ. Харин энэ онд мөн л Канн, Венец, Берлин зэрэг олон улсын тэргүүлэх кино наадмуудад шалгарсан бүтээлүүдийг үзэх боломжтой болсон олзуурхууштай. Түүн дотроос онцлох зургаан үзвэрийг кино сонирхогчдод санал болгож байна.


МАРТИН ИДЕН




Италийн найруулагч Пиетро Марчеллогийн “Мартин Иден” хэмээх кинонд анхны харцаар дурласан эрийн хайр сэтгэлийн тухай өгүүлнэ. Мэдээж Жэк Лондоны ижил нэрт бүтээлийг нь мэдэхгүй, уншаагүй хүн ховор. “Мартин Иден” хамгийн сайн зохиолуудынх нь нэгт зүй ёсоор бичигддэг. Гол нь тус романд суурилсан дэлгэцийн бүтээл олон байдаг бөгөөд Итали найруулагч бидний мэдэх Мартин Иденийг Нейпольд авчирч үзэгчдэд шинээр таниулжээ. Романыг найруулагч Пиетро Марчелло, Маурицио Брауццигийн хамт кино зохиол болгон бичжээ.


ХӨХӨӨ




Уг кино нээлтээ хийсний дараахан “Энгийн, бас үнэн “Хөхөө” нэртэй нийтлэл хэвлэгдэж байв. Тус нийтлэлийн төгсгөлд уг киноны найруулагч Ж.Жамьянсүрэн “Нүүдэлчдийн сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл, бие биеээ хайрлах хайр, амьдрал тэр чигээрээ ямар гайхамшигтай болохыг гадаад ертөнцөд таниулж үзүүлэхийг зорьж байгаа” хэмээн хэлсэн байдаг. “Хөхөө” монголын уран сайхны кино нь найруулагчийн хоёр дахь бүрэн хэмжээний уран бүтээл билээ. Үхэлд бэлтгэсэн орон зай нь үнэхээр хүн “байхуйн” чухал хэмжээснээс алдуурсан мэт санагдахуйц энгийн мөртлөө хатуу үнэнийг үзэгчдэд мэдрүүлэхийн сацуу олон давхар утгат санааг тус бүтээлээс харж болно.


ХАР САНАА ҮГҮЙ




Ираны найруулагч Мохаммад Расулофын “Хар санаа үгүй” бүтээл нь өнгөрсөн хоёрдугаар сард болсон Берлиний кино наадмаас “Алтан баавгай” шагналыг хүртжээ. Уг киноны тухай шүүмжлэгчид “Хүний мөн чанарын тухай эргэцүүлэл, ухамсрын сорил” хэмээн тодорхойлсон байна. Хамгийн гол нь цаазын ялны тухай асуудлыг хөндөнө. Цаазын ял нь хүнийг хүнээр алуулах нөхцлийг бүрдүүлж буй сэдвийг хөндсөн нь кино зохиолын үйл явдал өрнөх гол цэг болж буй юм. Тиймдээ ч кинонд гарах дөрвөн залуу хүний санаанд оромгүй сонголтыг хийх хэрэгтэй болдог.


ГОВИЙН ЗЭРЭГЛЭЭ




Равжаагийн Доржпалам найруулагчийн онцлох бүтээлүүдийн нэг нь “Говийн зэрэглээ” кино юм. Тус кино нь 1980 онд бүтээгдсэн бөгөөд энэ жил 40 жилийн ой нь тохиож буй. Киног HD форматад шилжүүлэн анх удаа орчин үеийн кино театрт үзүүлэх гэж байгаа нь кино сонирхогчдын хувьд ховорхон боломжуудын нэг. Сумын төвийн жирийн амьдрал. Гэхдээ энгийн энэ л амьдрал дунд хүмүүсийн хүнлэг сэтгэл, хайр дурлал, ёс суртахуун зэрэг бүхий л зүйлс багтдаг. Тэр бүхнийг холбоочин бүсгүй Номин, сургуулийн захирал Хашхүү, тракторчин Арслангийн дүрээр харуулна. Энэхүү Арслан хэмээх залуугийн дүрд монголын тайз дэлгэцийн нэгэн том од, найруулагч Г.Доржсамбуу тоглосон гэдгийг уншигчид мэдэх биз ээ.


А БОЛ АЗ ЖАРГАЛ




Энэ жил “Улаанбаатар” олон улсын кино наадам “Хүүхдийн кино үзвэр” хэсгийг шинээр боловсруулсан бөгөөд Франц, Австрали, Швейцарь найруулагчдын бүтээлийг сонгон үзүүлэхээр болжээ. Үүн дотор Австралийн найруулагч Жон Шийдийн “А бол аз жаргал” хэмээх кино багтсан байна. Тус бүтээл нь Берлиний кино наадмаас “Үе үеийнхэн”, Молодистын олон улсын кино наадмаас “Скифын буга”, СинефестОз наадмын тэргүүн байр зэрэг шагналыг хүртэж байжээ. Дэлхий ертөнцийг өөрийн өвөрмөц, өнгөт өнцгөөс харах 12 настай охин нэгэн хүүтэй танилцаж урам авснаар өөрийн гэр бүлийн хуучинсаг харилцааг засахаар шийддэг тухай кинонд өгүүлнэ. Харин киноны найруулагч Жон Шийди өдгөө Мельбурн хотод жүжиг, мюзиклын найруулагчаар ажилладаг гэнэ.


ХАР СҮҮ




Найруулагч Б.Үйзэнмаагийн ээлжит бүтээл болох “Хар сүү” кино нь онцлох бүтээлийн тоонд зайлшгүй багтана. Өнгөрсөн онд Вилла Аврора тэтгэлгийн эзэн болсон Б.Үйзэнмаагийн багадаа хагацсан эгч дүү хоёрын арав гаруй жилийн дараах учралын түүхийг өгүүлэх “Хар сүү” хэмээх шинэхэн бүтээлийг толилуулснаар “Улаанбаатар” олон улсын кино наадам хаалтаа хийх юм. Б.Үйзэнмаа нь 1984 онд монголд төрж 1988 онд ХБНГУ-д очсон билээ. Тиймдээ ч дөрвөн настайдаа Герман руу нүүж, хоёр улсын соёлын дунд өссөн нь бүтээл туурвилынх нь гол “мотив” болсон гэж үзэгчид дүгнэдэг. Ээлжит “Хар сүү” хэмээх кинонд ч мөн энэ сэдэв хөндөгдөнө. Хайр дурлал болон байр суурийн төлөөх тэмцэл хэрхэн өрнөхийг тус бүтээлээс харах л үлдлээ.

 

Холбоотой мэдээ