С.Ванчиг: Авьяас билгээ бусдадаа түгээх нь эхэс дээдсүүдийн минь үлдээсэн өв соёл юм

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-10-21 21:14:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Нүүдлийн соёл иргэншлийн академийн номч мэргэн академич, Монгол Улсын морин спортын шүүгч, Улсын шилдэг морь цоллооч, Монгол Улсын тэргүүний ардын авьяастан, ерөөлч, магтаалч, уртын дууч, Говь-Алтай аймгийн “Монгол адуу” нийгэмлэгийн тэргүүн, Морин спорт уяачдын холбооны нарийн бичгийн дарга, Зан заншил өв уламжлал, арга билэг, ардын авьяастны аймгийн тэргүүн, Говь-Алтай аймгийн соёлын өв тээгч С.Ванчигтай авьяас билиг, ажил хөдөлмөрийнх нь тухай ярилцлаа. 


-Сайхан намаржиж байна уу. Уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?


-Сайхан намаржиж байна. Намайг Бэсүд овогт Сандагийн Ванчиг гэдэг. 1950 онд аймгийн /тэр үед Баян сум/ одоогийн Халиун сумын Олонбулаг багийн нутаг “Хаяа худаг” гэдэг газар малчин айлын найм дахь хүүхэд болон төрсөн.  


Миний аав Цанжидын Сандаг 1910 онд төрсөн. Баян Цанжидынхан /ганган Цанжидынхан, агиа Цанжидынхан/ гэж  их хөдөлмөрч, олон тумэндээ,  орчин тойрондоо цэвэрч цэмцгэрээрээ гайхагддаг, нэр нөлөө бүхий ухаалаг хүмүүс байсан гэдэг. Би удам дамжсан эртэч, ерөөлч, магтаалч, уртын дууч хүн. 


-Та удам дамжсан ерөөлч магтаалч хүн гэлээ. Авьяас билгийн тань талаар яриагаа үргэлжлүүлье. Хэдий үеэс морины цол дуудах болсон бэ? Хурдан хүлгүүдийг цоллох арга барилыг хэнээс суралцаж байв?


-Би 1973 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд оюутны уртын дадлага хийж байхдаа сумын баяр наадамд спортын олон төрөлд түрүүлж эцэст нь морь цоллоод наадам өндөрлүүлсэн түүхтэй. Би дээр хэлсэн шүү дээ. Удам дамжсан ерөөлч, магтаалч гэж. Би ааваасаа эхэлж сурсан. Аавынхаа талаас дөрөв дэх  үе дээрээ яваа ерөөлч, магтаалч, уртын дууч. Миний буурал аав, аавын ах /авга ах/ бүгд тийм авьяаслаг хүмүүс байсан гэж аав минь дурсдаг байлаа. Ээжийн талаасаа гурав дахь үе дээрээ яваа ерөөлч, дуучин. Миний нагац Шагдарын Төмөр гэдэг хүн байлаа. Шүүхийн Төмөр, өмгөөлөгч Төмөр гэхээр Алтайчууд андахгүй. 1951 онд аймгийн начин цол хүртэж явсан бөх хүн. Яруу найрагч Мөнхөөгийн Билэгсайхан миний ач, МУГЖ, уртын дууч Загджавын Тэрбиш миний авга эгч гээд л ахан дүүсээ яриад байвал олон бий. 

Ерөөлч, магтаал цолыг эхлээд цээжлээд дараа нь цэгцлэн сурч хөгжүүлдэг. Өөрөөр хэлбэл энэ нь ихээхэн хичээл зүтгэл, хөдөлмөр, цаг хугацаа зарцуулна гэсэн үг. Манайхан удам дамжсан цэцэн хүмүүс. Тэднээсээ л бага балчир насандаа суралцан өдийг хүртэл хөгжүүлж явна даа.


-Морь цоллож байгаа хүнд ямар нэг шалгуур байх уу? Хэддэх жилдээ хурдан хүлгүүдийг цоллож байна?


-Морь цоллож байгаа хүмүүст шалгуурууд, баримтлах зарчим, ёс жаяг, дэс дараа гэж байлгүй л яахав. Юуны өмнө үндэснийхээ хувцсаар иж  бүрэн гоёсон, унаж цоллох морь нь хүртэл баяр наадмын зүстэй эсвэл бүтэн зүстэй байх, цолоо тод үгтэй, олонд сонсогдохоор хэлэхдээ нэг амьсгаа авах хооронд түрлэг өндөр, олон мөрийг гоёмсгоор магтаж багтаах, түрүүлж айрагдсан морьдыг насны ялгавраар онцгойлон цоллох гээд маш нарийн нандин зүйлүүд их бий. Сурагчийн уран зохиолын сурах бичгээс цээжилчихээд түүгээрээ цоллоод байвал сайн цоллооч биш шүү дээ.

Аймгийнхаа баяр, Ардын хувьсгалын 66 жилийн ойгоос өнөөг хүртэл их насны түрүү, айргийн морьдыг цоллосон. Улс, бус, аймаг, сумдын түүхт ой болон баяр наадмаар 50 гаруй жил тасралтгүй цоллогоо хийж байна.


-Та өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор залгамж халаа, хойч үеэ бэлтгэхэд анхаарч явдаг гэж ярьсан. Одоогоор хэчнээн шавь бэлтгээд байна вэ?


-Өв соёлоо хойч ирээдүйдээ үлдээх зорилгоор Өрхийн сургалт явуулж, ганцаарчилсан байдлаар үнэ төлбөргүйгээр 20 морь цоллоочийг бэлтгэсэн. Тэдгээрээс Монгол Улсын шилдэг морь цоллооч Д.Атарбаян, Х.Нямдорж, Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй цоллоочид тодроод байна. 

Би сумдын Засаг дарга, сургуулийн захирал, нийгмийн ажилтнуудад санал тавьдаг юм. Үнэхээр өөрөө сонирхолтой, дур хүсэлтэй, авьяастай хүүхдүүдээ надад шавь оруулж морь цоллоочоо бэлтгээд аваарай л гэдэг юм. Энэ асуудалд илүү анхаарч байгаа сумд бий. Тухайлбал: Жаргалан, Хөхморьт, Баян-Уул, Халиун, Шарга зэргийг дурдахад таатай байна. Дээрх цоллоочид өөрсдөө хүсэлтээ тавьж шавь сургалтаар бэлтгэгдсэн хүмүүс. Тэрний шавь тэгж явна гэхэд хүмүүст сайхан санагдах байх. Авьяас билгээ бусаддаа түгээх нь эхэс дээдсүүдийн минь үлдээсэн их өв соёл, уужуу ухаан шүү дээ.


-Та Улсын шилдэг морь цоллоочоос гадна Монгол Улсын морин спортын шүүгч, Монгшол Улсын тэргүүний ардын авьяастан, ерөөлч, магтаалч, уртын дууч, аймгийн “Монгол адуу” нийгэмлэгийн тэргүүн, Зан заншил өв уламжлал, арга билэг, ардын авьяастны аймгийн тэргүүн гээд л нэг биеэс яаж гардаг байна гэмээр олон авьяас чадваруудыг эзэмшжээ. Мөн Нүүдлийн соёл иргэншлийн академич хүн юм байна. Энэ тухай уншигчдад сонирхуулаач?


-Би 30 жил тасралтгүйгээр улс, аймаг, бүс сумдын баяр наадамд морь цоллож байж Монгол Улсын морин спортын шүүгч, улсын шилдэг морь цоллооч болсон доо. Бүх ард түмний урлагийн үзлэгт удаа дараа ерөөл, магтаал, уртын дуугаар оролцож, уртын дуугаар алт, Язгуур урлагийн төрөлд шүдний исгэрээгээр мөнгөн медалиудыг хүртсэн. Үүнийг минь аймгийн МСУХ Боловсрол, Соёлын яаманд тодорхойлсноор Монгол Улсын тэргүүний ардын авьяастан цол хүртсэн. 

Монгол Улсын хэмжээнд ажлын таван өдөртэй болсон тэр оны эхнээс Зан заншил, өв уламжлал, арга билэг, ардын авьяастны тэргүүнээр ажиллаж сургалтыг үнэ төлбөргүй явуулж 45 найрын ахлагч бэлтгэсэн. Учир нь төр, өрх гэрээс үүсэлтэй гэдэг шүү дээ. Намайг найр магнайдуулахаар авсан нь баярлаад, хоцорсон нь сэтгэл дундуур байгаагаас санаа авч найрын ахлагчаар явдаг хүмүүс авьяастнуудыг цуглуулан ярилцаж сургалт явуулаад энэ хөдөлгөөнийг үүсгэн санаачилж байгуулсан юм. Гурван шатны сургалт зохион байгуулж зэрэг, дэв тогтоосон, цагийн төлбөр тогтоож тэр хүмүүсийг байхад нь нэрийн данстай болгож тэр болгон хүн бүрийн хийж чаддаггүй, хүний оюуны хөдөлмөрийг үнэлж эхэлсэн юм. Одоо шавийн шавь нар олноор төрж байгаа. 

Их Засаг их сургуулийн нүүдлийн соёл иргэншлийн Чингис хааны нэрэмжит академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга зохиолч, яруу найрагч, академич Д.Хурц 2009 оны 8 дугаар сард манай аймагт томилолтоор ирж ажилласан. Тэр үеэр түүнтэй танилцан бүхий л авьяасаа үзүүлж нэг ёсондоо шалгуулсан хэрэг болов оо. Академич Д.Хурц архивын материалуудтай танилцаж үзээд миний тодорхойлолтыг авч яваад 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Нүүдлийн соёл иргэншлийн Чингис хааны нэрэмжит академи Их Засаг их сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 100 хувийн санал авч номч мэргэн академич цол өргөмжлөл, академийн дээд шагнал болох Чингис хааны алдрын одонгоор шагнасныг эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Хурц өөрөө онгоцоор ирж гардуулж билээ. Нүүдлийн соёл иргэншлийн өв соёлыг сурах, судлах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх их үйлсэд оруулж байгаа хувь нэмрийг минь өндрөөр үнэлсэнд баярлаж явдаг. Намайг хоёр хуулийн хүрээнд ажиллаж амжилт гаргасан гэж үнэлсэн байдаг. Өөрийн авьяас чадвараа хөгжүүлэхдээ Үндэсний баяр наадмын тухай хууль, Гэр бүлийн хуулийг хэрэгжүүлж ажилласан байна гэж үзсэн юм билээ.


-Холыг уулзуулж, хоёрыг учруулдаг гэдэг шиг та олон айлын тулганы гал бадамлан асах тэр л агшинд хамт байлцан хурим найрыг үүсгэх, хөгжөөх дэг жаягийг нарийн чанд даган мөрдүүлдэг найрын ахлаач гэх төрт ёсны үйлийг удирдан чиглүүлдэг гэж дуулсан. Таны ахалсан найрын тоо өдгөө хэд хүрээд байна вэ?


-Монгол төр, өрх гэрээс үүсэлтэй гэдгийг би дээр өгүүлсэн. 1976 оноос эхэлж 26 настайгаасаа найр удирдаж эхэлсэн хүн. Аав маань намайг тавдугаар ангид байхаас эхэлж найранд сөн түшигчээр аваад явдаг байлаа. Тэр үеэс л найрын дэг жаяг, дэс дарааг ажиглаж тогтоож сурч авсан юм. Адуугаа тараахгүй гэж азарга тавьдаг, Албаа амжуулах гэж дарга тавьдаг гэдэг үг байдаг. Монголчуудын төрт ёсны их өв соёл, найр наадмын түүх эртнээс үүсэж хүний нийгмийн хөгжлийн явцад улам соёлтой боловсронгуй болж байгаа билээ. Хос хун шиг хорвоогийн жамаар хослон амьдрахдаа төрт ёсны их найрыг нэг л удаа хийдэг гэлцдэг. Эцэг эхээс өрх тусгаарлан гал голомтоо бадраах тэр ёслолыг үйлдэхдээ найрын ахлагчаа өөрсдөө сонгож залдаг учиртай. Түүний эхэлсэн найр дэг журамтай, гэрлүүлсэн айл нь сайн сайхан явдаг гэх үнэлгээ ч байдаг. Хурим найр эхтэй, цэгтэй, цагтай ёслол. Хуримлах жил, сар, өдрөө, цагаа уламжлалт аргаар үзүүлж товлодог учир нарийн дэг журам, дэс дараатай үйл ажиллагаа шүү дээ. Миний ахалсан найрын тоо одоогийн байдлаар 800 гаруй болсон байна даа. Найраа удирдуулсан хосууд түүний аав ээж, ахан дүүс,садан төрлүүд их хүндэлж байдагт талархалтай санагддаг.


Холбоотой мэдээ