"Монгол бичиг-бидний ирээдүй" өдөрлөг зохион байгуулав

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-10-22 13:28:05
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт Дундговь аймгийн Хулд суманд "Монгол бичиг-бидний ирээдүй" өдөрлөгийг Монгол Улсын зөвлөх, Сайнцагаан сумын “Хүмүүнлэг” сургуулийн багш Д.Отгонсүрэн, түүний шавь нар, Хулд сумын Ерөнхий боловсролын сургууль хамтран зохион байгуулжээ.

Өдөрлөг “Бийрэн бичлэг”-ийн сургалтаар эхэлж, “Монгол бичгийг хэн сайн мэдэх вэ?” АХА тэмцээнээр үргэлжилж, “Монгол бичиг өнөөгийн цаг үе” хэлэлцүүлэг, Монгол Улсын зөвлөх багш Д.Отгонсүрэнгийн “Идэр их мөрөн-Эх хэлний мөрнөө тэмүүлэхүй” шинэ номын нээлтээр үргэлжлэн, зохиолч уншигчдын уулзалтаар өндөрлөж, монгол бичгээ түгээн дэлгэрүүлсэн, иргэдээ соён гэгээрүүлсэн урлаг, соёлын цогц үйл ажиллагаа болсон аж.

Тус өдөрлөгт "Шинэ Ази" группийн ерөнхийлөгч, эх хэлний боловсролыг дэмжих "Үлэмж эгшиглэн" сангийн тэргүүн Л.Төрбаяр, тус сангийн Удирдах зөвлөлийн гишүүд, “Хүмүүн бичиг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа, аймгийн төрийн байгууллагуудын төлөөлөл, ахмад багш З.Цэвээнравдан, С.Мядагмаа, О.Цэрмаа, багш Д.Отгонсүрэнгийн шавь нар, зохиолчид, аймгийн монгол хэлний 50 багш, хөгжмийн зохиолчид, “Хүмүүнлэг сургуулийн багш нар, Хулд сумын багш, сурагчид иргэд оролцсон байна.

Өдөрлөгийн үеэр болсон Уншигч, зохиолчдын уулзалтад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч До.Цэнджав, Х.Чилаажав, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт П.Нямлхагва, МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Золбаяр "Болор цом"-ын эзэн Н.Гантулга, яруу найрагч Х.Энхтөр, Д.Энхбаяр, аймгийн Утга зохиолын нэгдлийн эрхлэгч Ж.Мөнхтөр нар оролцож, өөрсдийн шүлэг зохиолоосоо уншжээ. 

Монгол Улсын зөвлөх багш Д.Отгонсүрэнгийн шавь нараас улс, бүс, аймгийн монгол хэл, монгол бичгийн олимпиадад 20 жил манлайлсан олон шавь нар байдаг ба тус өдөрлөгийн үйл ажиллагааг түүний шавь нар голлон зохион байгуулж, өдөрлөгийн үеэр сумын иргэдэд нэрийг нь уран бичлэгээр бичиж дурсгал болгосон байна. 

Холбоотой мэдээ