Хугацаат цэргийн албанд татагдсан залуусыг үдэн мордууллаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-10-22 15:02:50

Говь-Алтай /МОНЦАМЭ/. 2020 оны хоёрдугаар ээлжийн  цэрэг татлагын зарлан дуудах мэдэгдэл авч, зэвсэгт хүчний болон хилийн дугаар ангиудад алба хаахаар мордож буй залуусыг өнөөдөр Монгол Улсын баатар Магсарын Жанчивын талбайгаас үдэн гаргалаа.


Тус үйл ажиллагаанд Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, бэлтгэл хошууч Ж.Ганбат, ЗДТГ-ын дарга, Цэрэг татлагын товчооны дарга, бэлтгэл ахмад Ч.Бат-Эрдэнэ, Цэргийн штабын дарга, хурандаа Д.Төмөрбаатар, зэвсэгт хүчний болон хилийн дугаар ангиудын захирагчийн орлогчид, сумдын ЗДТГ-ын дарга, ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Энэ удаагийн цэрэг татлагын үйл ажиллагааг Монгол Улсын Засгын газрын тогтоол, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар аймгийн хэмжээнд 10 дугаар сарын 05-22-ны хооронд зохион байгуулсан юм. Эр цэргийн алба хааснаар бие бялдар, тэсвэр хатуужил, ухааны хат сууж, хамт олонч ёс суртахуун, цэргийн эрдмийг  эзэмшихээс  гадна эх орон, элгэн олноо хайрлах  үзлийг төлөвшүүлэн, бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцуулж, амьдралаа цогцлоох санхүүгийн эх үүсвэртэй халагдан ирэх боломжийг бүрдүүлж байна хэмээн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат мөн үеэр онцлон дурдаж, эх орныхоо энхийн манаад явж буй залуусыг албаа сайн хаахыг захин аян замдаа сайн явахын ерөөлийг өргөсөн юм.

Холбоотой мэдээ