Ерөнхий консул Г.Жаргалсайхан Хонконгийн ерөнхий захирагч Кэрри Лэмтэй уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан Хонконгийн Ерөнхий захирагч, хатагтай Кэрри Лэмтэй өнөөдөр уулзлаа.
Уулзалтаар талууд харилцаа, хамтын ажиллагаагаа боломжит бүхий л салбарт, тэр дундаа шинжлэх ухаан, технологи, боловсрол, худалдаа, хөрөнгө оруулалт болон аялал жуулчлалын салбарт түлхүү хөгжүүлэх бодит нөөц бололцоо байгааг онцолсон юм. Энэ үеэр мөн хатагтай Кэрри Лэм Хонконгийн их, дээд сургуулиудад монгол оюутныг тэтгэлэгтэй сургах манай хүсэлтийг дэмжин ажиллахаа нотлов. Түүнчлэн талууд COVID-19 цар тахлын эсрэг амжилттай тэмцэж байгаад харилцан баяр хүргээд, дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа энэхүү саад тотгорыг давсны дараа хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улам эрчимжинэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.