Гэрээр айлчлах аргачлалыг хэрэгжүүлж хүүхдийн эрхийн 27 зөрчлийг илрүүлжээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-10-23 08:48:20

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтарч "Гэр бүлийг дэмжих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж аймгийн хэмжээнд 454 өрх хамрагдсан байна.

Хөтөлбөрийн хүрээнд “Гэрээр айлчлах” аргачлалыг Мөрөн суманд амжилттай хэрэгжүүлж, 34 өрхийн зөвлөгчөөр дамжуулан 184 өрхийн 1001 насанд хүрэгч, 553 хүүхдийг хамруулжээ. Мөрөн сумын өрхүүдийн амжилтын баяр, харилцан мэдээлэл солилцож, туршлага хуваалцах үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус ажлын хүрээнд өрхийн зөвлөгч болон аргачлалд хамрагдсан "Ногоон" өрхүүд амжилтын түүхээ бусадтайгаа хуваалцаж, гэр бүлдээ гарсан ахиц өөрчлөлтөө танилцуулж байв.

Хөтөлбөр, аргачлал хэрэгжсэнээр 12 өрхийг орон гэртэй болгож, 59 хүнийг түр болон байнгын ажлын байранд холбон зуучлан, 40 өрх дундын хадгаламжийн бүлэгт хамрагдаж хуримтлалын дадал хэвшилтэй болж, өрхийн гишүүдийн 20 хүн тутмын 70.0 хувьд сэтгэл гутрал багасч, далд стрессийн түвшин 48.0 хувиар буурч, хүүхдийн эрхийн 27 зөрчил илрүүлж, хүүхэд хамгааллын болон холбон зуучлах 70 удаагийн үйлчилгээг үзүүлсэн зэрэг бодит үр дүн гарсан гэдгийг Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр онцолж байлаа.

Хөтөлбөр, аргачлалын зорилго нь өрхийн зөвлөгчдийг бэлтгэж, тэднээр дамжуулж гэр бүлд хүрч ажилласнаар тулгамдсан асуудлуудыг илрүүлж, гишүүдийг нийгмийн суурь үйлчилгээнд хамруулж, өөрсдийнх нь оролцоотой амьдралын чанарыг нь сайжруулахад чиглэгдсэн ажээ.

 


Холбоотой мэдээ