Эрдэнэт хотын ринг дээр Монголын шилдэг боксчдыг шалгаруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-26 11:44:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрдэнэтэд боксын спорт үүсгэн байгуулагч ОУХМ С.Баттулга багшийн нэрэмжит "Шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн-2020”-д ОБЕГ-ын харьяа  “Аврагч” биеийн тамир-Техник спортын хороо /БТТСХ/ болон Дорнодын Талын бүргэд боксын клубийн хамтарсан баг 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр тэргүүн байр эзэллээ.


Мөн тус тэмцээний эрэгтэй “Шилдэг тамирчин”-аар 69 кг-д алтан медаль хүртсэн ОБЕГ-ын харьяа Аврагч БТТСХ-ны тамирчин ОУХМ Б.Мишээлт шалгарсан бол эмэгтэй боксчдоос "Эрдэнэт бокс"  клубийн тамирчин ОУХМ М.Намуун "Шилдэг тамирчин" шагналын эзэн болжээ. Тус тэмцээнд багийн дүнгээр дэд байрт "Хилчин" спорт хороо шалгарсан бол "Эрдэнэт бокс" клуб гуравдугаар байр эзэлсэн байна.


Тус тэмцээний зорилт нь ирэх жил болох “Токио-2020” зуны олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх ур чадвартай тамирчдыг сонгон шалгаруулах, улмаар тив, дэлхий, олимпын наадамд хүчээ сорих шинэ залуу тамирчдыг төрүүлэхэд чиглэгджээ.


Энэхүү тэмцээнийг Монголын боксын холбоо, Улаанбаатар дахь Орхон аймаг, Эрдэнэт хотын нутгийн зөвлөл, Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Спорт цогцолбортой хамтран зохион байгуулсан юм.

Холбоотой мэдээ