“Уламжлалт боловсрол” төслийн нээлтийг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-10-26 15:12:20

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт “Уламжлалт боловсрол” төслийн нээлтийг хийлээ. Үндэсний хэмжээний энэхүү төсөл нь Дорнод аймагт ТББ-уудаар дамжуулан нөлөөллийн байдлаар хэрэгжих юм. Зүйр цэцэн үгээр дамжуулан хүүхэд багачуудыг хүмүүжүүлдэг Монголын уламжлалт соёлыг хадгалах, түүнийг түгээн дэлгэрүүлэх үүднээс ЕБС-ийн 6-12-р ангийн сурагчид, эцэг эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчдийн дунд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Монгол үндэстний уламжлагдаж ирсэн ардын өв, соёлын үнэ цэнийг хүүхэд, залууст үлдэцтэйгээр сэргээн ойлгуулах, хэрэглэгдэхүүн болгож өвлүүлэн үлдээх, тэр тусмаа зүйр цэцэн үгийн утга агуулга, ач холбогдлыг хэрхэн тайлж унших, ойлгох, сэтгэн бодох чадвар мэдлэгийг хөгжүүлэхэд хэрэглэх, үйлийн зөв, бурууг дэнслэх, зөв хүн болгон төлөвшүүлэх зорилготой аж.

Төсөл хэрэгжсэнээр уламжлагдаж ирсэн ардын аман зохиолын төрөл зүйлийг сэргээх, хүүхдийн хүмүүжилд Үндэсний уламжлалт арга хэлбэрийн талаар таниулж, танин мэдэхүйн мэдлэгийг олгох, зүйр цэцэн үгийн хэрэглээг нэмэгдүүлэх, гэр бүлийн орчинд буюу эцэг эхээс үр хүүхдэдээ уламжлуулах арга барил, ач холбогдлыг таниулах, хүүхэд залуусын төлөвшлийн арга хэлбэрийг зүйр цэцэн үгээр хүргэх, хэрэглээ болгох, боловсролын системийн бодлогод нөлөөлөхүйц үр дүнд хүрнэ гэж тооцоолж байгаа гэв. 

Холбоотой мэдээ