Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрээс ашиг хүртэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-10-27 10:23:02

БЭЭЖИН. /Xinhua/. Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт /АРТА/ нэгдсэнтэй холбоотойгоор БНХАУ болон Монгол Улс хоёр талын худалдааны татварыг бууруулахаар төлөвлөж байна гэж БНХАУ-ын Худалдааны яам даваа гарагт мэдээллээ.


2021 оны нэгдүгээр сарын 1-нээс Монгол Улс далайн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс, гуалин, химийн бүтээгдэхүүн зэрэг 366 нэр төрлийн бүтээгдэхүүний татварыг бууруулна. Үүний сацуу Монгол Улс татварын тааламжтай нөхцөлүүдийг эдэлнэ гэж Худалдааны яамны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд тэмдэглэжээ.  


Монгол Улс энэхүү хэлэлцээрт нэгдсэн явдал нь Ази, Номхон далайн бүсийн хөгжиж буй эдийн засагтай орнуудын интеграцийг улам хөгжүүлж, Хятад-Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр талын худалдааны либералчлал, хөнгөлөлтийг сайжруулна гэж дээрх мэдэгдэлд дурдсан байна.


Ази, Номхон далайн хэлэлцээрийн гишүүн орнууд өдийг хүртэл татварын хөнгөлөлтийн дөрвөн үе шатыг хэрэгжүүлээд байгаа бөгөөд сүүлийнх нь 2018 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлжээ. 

Холбоотой мэдээ