Соёлын өвийн үндэсний төв олон улсын стандартад нийцсэн байртай боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хорооллын урд, Үндэсний Архивын Ерөнхий газрын баруун талд барьсан Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвийг 11 дүгээр сарын 15-нд буюу Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр нээнэ.
Тус төвийг 2014 оноос барьж эхэлсэн бөгөөд төвлөрсөн
гадна шугам сүлжээний асуудлыг шийдээгүйн
улмаас 2019 он хүртэл түр саатсан ч 2020 оны 10 дугаар сарын байдлаар
барилгын гүйцэтгэл 98 орчим хувьтай, ашиглалтад хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.
Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилгыг 8 тэрбум төгрөгийн төсвөөр барьсан бөгөөд 60х40 метрийн хэмжээтэй, газар доорх давхар болон нэг, хоёрдугаар давхраас бүрдсэн, нийт 8000 ам дөрвөлжин метр талбайтай, 130 гаруй өрөө тасалгаа, хамгаалалтын хашаа, орц гарц бүхий машин зам, авто зогсоол, ногоон байгууламжтай аж.
Тус барилгын ажлын явцын талаар Соёлын өвийн үндэсний төвийн
захирал, доктор Г.Энхбат сэтгүүлчдэд танилцуулах үеэрээ, “Соёлын өвийн үндэсний төвд Монгол Улсын түүх, соёлын биет ба
биет бус өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санг төвлөрүүлж, энэ чиглэлээр
хийж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг тайлан баримтууд, археологийн
малтлага судалгаанаас олдсон түүх, соёлын дурсгалт зүйлсийг анхны төрхөөр нь
сэргээн засварлах зэрэг олон ажил явагдана” гэдгийг онцоллоо.
Ажилтнуудынхаа
тоог 139-т хүргэнэ
Монгол Улсын музейн сан хөмрөгт 240 мянга гаруй үзмэр байдаг.
Эдгээрээс эвдрэл, гэмтэлтэй үзмэр 60-70 хувийг нь эзэлдэг. Иймд нэн яаралтай
үзмэрүүдийг сэргээн засварлах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолдог.
Гэтэл одоогоор тус салбар жилд 20 орчим байгууллагаас 150-200 орчим
музейн үзмэрийг сэргээн засварлах хүчин чадалтай. Сэргээн засварлах ажлыг хийж
буй 10 гаруй хүн хаанаа ч хүрдэггүйг мэргэжлийнхэн учирладаг аж.
Одоогоор Соёлын өвийн үндэсний төв нь Соёлын төв өргөөний зүүн
үзүүрийн хоёр давхарт түрээсийн байранд байрлаж буй бөгөөд 30 орчим ажилтантай.
Нийслэл, орон нутгийн хэмжээний 38 музейгээр зогсохгүй археологи, палентологийн олдворуудыг бүртгэн авч, сэргээн засварлаж, авран
хамгаалдаг. Ингээд бодохоор орон тооны 30 ажилтан хаана ч хүрэлцэхгүй гэдэг нь
хэнд ч ойлгомжтой. Ажилтнуудынхаа орон тоог нэмье гэхээр наанадаж багтах ажлын
байр талбайгүй, цаанадаж энэ салбарын мэргэжлийн боловсон хүчний асуудал
хүндхэн байгаа тул ажиллах орчныг хангасан шинэ байр, барилга зайлшгүй хэрэгтэй
болоод байсан юм. Тиймээс шинэ төвөө ашиглалтад орсны дараа ажиллах мэргэшсэн
багаа үе шаттай нэмэх зорилго тавьж байгаагаа, 2050 он гэхэд 139 ажилтантай
байхаар төлөвлөж буйгаа Г.Энхбат захирал хэллээ.
Соёлын өвийн үндэсний төвийн барилгад соёлын өвийг хамгаалах
чиглэлээр дараах 10 гаруй төрлийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Үүнд:
- Соёлын биет өв болох археологийн олдвор, яаралтай хамгаалах
шаардлагатай музейн үзмэр, эд өлгийн зүйлсийг зориулалтын төрөлжсөн сан хөмрөгт
түр болон байнга хадгалах;
- Соёлын биет өв болох музейн үзмэр, археологийн олдвор, хөшөө
чулуун дурсгал, сүм хийд дурсгалт уран барилгын өнгө будаг зэргийн эвдрэл
гэмтлийгсэргээн засварлахад Монгол орны эрс тэс цаг агаар, уур амьсгалд
тохирсон соёлын өвийн хадгалалт хамгаалалтын судалгаа оношлогоо, сэргээн
засварлалт хийх төрөлжсөн лабораторт оношлох, судлах, сэргээн засварлах,
бэхжүүлэх;
- Сэргээн засварлах соёлын биет өвийг яс, чулуу, мод, төмөр
металл, шавар, цаас, арьс шир, уран зураг, монгол зураг, эсгий, даавуу зөөлөн
эдлэл зэрэгттөрөлжүүлсэн студи, урлан ажиллах;
- Байгальд ил задгай орших эвдрэл гэмтэлтэй хүн чулуу, буган
чулуун хөшөө, гэрэлт хөшөө, амьтны дүрст дурсгал зэргийг жилийн 4 улиралд
тусгай зориулалтын чулуу сэргээн засварлах лабораторт авран хамгаалах зорилгоор
үндэсний төвд түр зөөж шилжүүлэн, бэхжүүлж, сэргээн засварлан унаган газар нь
буцаан байрлуулах;
- Улс, аймаг орон нутгийн музей, судалгаа шинжилгээний
байгуулага, зарим хийд болон хилийн чинадад хадгалагдаж буй буй соёлын биет өв
болох түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн цахим болон цаасан суурьтай Улсын
нэгдсэн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлж, төрөлжсөн архив;
- Монгол Улсын газар нутаг дээр оршин байгаа түүх, соёлын үл
хөдлөх дурсгал болох палеонтологи, археологийн төрлийн олдорт газар, чулуун
зэвсгийн бууц суурин, эртний булш бунхан, хиргисүүр, хотын туурь балгас, сүм
хийд барилга архитектурын дурсгал, хүн чулуу, буган хөшөө, хадны зураг гм
дурсгалын цахим болон цаасан суурьтай Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санг
бүрдүүлж, төрөлжсөн архив;
- Монгол үндэстэн, туургатан, угсаатны бүлэгт хамаарах эх хэл
аман уламжлалын илэрхийлэл, ардын язгуур урлаг, байгаль, сав ертөнцийг
танинмэдэх уламжлалт арга ухаан, мэдлэг, мал маллагаа, гар урлал зэрэг соёлын
биет бус өвийн олон төрөл зүйл, түүнийг өвлөн уламжилж буй хүнтэй холбоотой
бүхий л төрлийн мэдээллээр Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлж,
төрөлжсөн архив;
- Ардын язгуур урлагийн төрөлд хамаарах Соёлын биет бус өвийг
сурталчлах, өвлөн уламжлагч хүнийг дэмжих, тэдний урын санг баримтжуулах
зорилгоор 80 хүний суудалтай мини театр;
- Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу шат, шатны бүртгэл
мэдээллийн сангийн тогтолцоог чадавхижуулах, соёлын өвийг хадгалж буй
байгууллага, мэргэжилтнийг хадгалалт хамгаалалтын чиглэлээр мэргэжил аргазүйн
удирдлагаар хангах, төрөлжсөн сургалт зохион байгуулах;
- Соёлын өвийг судлах, хамгаалах чиглэлээр байгалийн болон
нийгмийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний төрийн болон төрийн бус
байгууллагатай хамтран ажиллах;
- Соёлын өвийн чиглэлээр хурал, зөвлөгөөн, уулзалт зохион
байгуулах;
- Соёлын өвийн өдөрлөг, танилцуулга, үзэсгэлэн зэргийг зохион
байгуулах зэрэг арга хэмжээг дурдаж болно
Соёлын яамнаас 2020 онд Шинжлэх ухааны академийн Археологийн
хүрээлэн, Монголын үндэсний музейд зориулалтын бус, шаардлага хангахгүй орчинд
хадгалагдаж байгаа олдвор, цуглуулгыг Соёлын өвийн үндэсний төвийн шинэ
барилгад шилжүүлж хадгалах талаар зохицуулалт хийж, суурилуулах зорилгоор
санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Мөн шинээр байгуулах “Чингис хаан” музейн үзмэр
цуглуулах, олдвор хэрэглэгдэхүүнийг хадгалах өрөө тасалгааг бэлтгээд байна.
Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилга ашиглалтад орсноор
соёлын өвийг бүртгэх, судлах, хамгаалах сэргээн засварлах ажил чанарын болон
тоон үзүүлэлтэд ахиц дэвшил гарахаас гадна зориулалтын шаардага хангасан өрөө
тасалгаанд соёлын биет өвийг хадгалах боломж бүрдэнэ.
ЮНЕСКО-д 14 соёлын өвийг бүртгүүлжээ
Соёлын өвийн үндэсний төвийн үйл ажиллагааны хүрээнд хийсэн
томоохон ажлын нэг нь соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн явдал.
Монгол Улс ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны
Конвенц”-д 2005 онд нэгдэн орсон бөгөөд 2008-2018 онд ЮНЕСКО-гийн Хүн
төрөлхтний төлөөллийн болон Яаралтай хамгаалах жагсаалтад 14 өвөө бүртгүүлээд
байна.ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад:
1. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008)
2. Монгол ардын уртын дуу (2008)
3. Монгол наадам (2010)
4. Монгол ардын хөөмэйн урлаг (2010)
5. Шувуулахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл. Ингэхдээ 12 улстай
хамтран бүртгүүлсэн (2010)
6. Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013)
7. Шагайн харваа (2014)
ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад:
1. Монгол тууль (2009)
2. Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг (2009)
3. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009)
4. Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил-битүү
амьсгаа (2011)
5. Монгол уран бичлэг (2013)
6. Ингэнд ботго авахуулах зан үйл (2015)
7. Уул овоо тахих монгол зан үйлийг (2017) тус тус бүртгүүлээд
байгаа аж.
Соёлын өвийн үндэсний төвийн бүртгэлд 316 мянган хөдлөх өв, 89
мянган үл хөдлөх өв, 8383 өвлөн тээгч, 98 соёлын биет бус өв бүртгэгдээд байна.
Холбоотой мэдээ

