Улаанбаатар хотноо “Дэлхийн экспортыг дэмжих форум” зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-10-29 09:59:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсаас НҮБ-ын Женев  дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага болон Олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Коук-Хамилтонтой энэ сарын 26-нд уулзав.


Уулзалтаар Улаанбаатар хотноо “Дэлхийн экспортыг дэмжих форум”-ыг 2021 онд зохион байгуулах бэлтгэлийг хангахад хамтран ажиллахаар тохиров. Дэлхийн экспортыг дэмжих форумын үеэр Олон улсын худалдааны төвийн эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжих “SheTrades” хөтөлбөрийг эхлүүлэх, залуучуудад зориулсан “Залуучууд ба Худалдаа” хөтөлбөрийг цахим худалдаа, дижитал зах зээл дэх оролцоог дэмжих чиглэлд хэрэгжүүлэх, шаардлагатай санхүүжилтийг боломжит эх үүсвэрээс эрэлхийлэхээр тохирлоо. Түүнчлэн далайд гарцгүй орнуудын дэлхийн худалдаан дахь оролцоог нэмэгдүүлэх чиглэлд сургалт зохион байгуулах, судалгаа хийх боломжийн талаар ярилцав.


Женевт төвтэй Олон улсын худалдааны төв нь анх 1964 онд хөгжиж буй орнуудын боловсон хүчний чадавхийг сайжруулах, экспортын зах зээл, маркетингийн мэдээллээр хангах, экспортыг дэмжих үндэсний тогтолцоо бий болгох замаар тэдгээрийн бараа, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд экспортлох хүчин чармайлтыг нь дэмжих үүрэгтэйгээр байгуулагдсан. Өдгөө Дэлхийн худалдааны байгууллага болон НҮБ-ын Худалдаа, Хөгжлийн Бага Хурлын дундын агентлагийн статустай, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байна.

Холбоотой мэдээ