“Росгеологи” компани геологи хайгуулын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-29 21:00:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа ОХУ-ын “Росгеологи” компанийн дэд захирал Золотарев Петр Сергеевичтэй цахим уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр ОХУ-ын “Росгеологи” компанийн дэд захирал Золотарев Петр Сергеевич геологи хайгуул, судалгааны чиглэлээр “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж, уламжлалт хамтын ажиллагаагаа өргөжин тэлэхийг хүссэн байна.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “Монгол Улс ОХУ-тай эртний найрсаг харилцаатай. Ялангуяа, геологи хайгуулын салбарт хамтран ажилласан олон жилийн түүхтэй. Иймд танай компанийн “Асгатын мөнгөний орд”-ын судалгаа, хайгуулд хамтран ажиллах хүсэлтийг судалж, ямар боломж байгаа талаар тодорхой хариу өгнө” гэв.

ОХУ-ын “Росгеологи” компани нь хийн болон хатуу ашигт малтмалын судалгаа, хайгуулын чиглэлээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг. 2019 оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчлах үеэр “Росгеологи” компани “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай давхарга хоорондын хийн хоолойн төсөлд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.

Холбоотой мэдээ