Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-02 16:33:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан, арилжааны банкууд хамтран Дэлхийн хуримтлалын өдрийг “Хуримтлуулах хялбархан” уриатайгаар өнгөрсөн амралтын өдөр тэмдэглэлээ. 

Энэ үеэр банкууд хүүхэд багачуудад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, сонирхсон хүмүүст хуримтлалын данс нээж, хуримтлалын ач холбогдол, олон улсын туршлагын талаар илтгэлүүд танилцууллаа.


Энэ жил “Дэлхийн Хуримтлалын Өдөр”-ийн үйл ажиллагааг нийслэлээс гадна хөдөө орон нутагт амжилттай зохион байгуулав. Тухайлбал Дархан-Уул, Орхон, Сүхбаатар аймагт хийж, иргэд, хүүхэд багачуудад санхүүгийн мэдлэг олгох, хуримтлалыг хэвшил болгохыг дэмжсэн үйл ажиллагаа өрнүүлэв.


Монгол Улс 2017 оноос хуримтлалын бэлгэ тэмдэгтэй болсон бөгөөд энэ жил “Дэлхийн хуримтлалын өдөр-2020” нэрийн дор аян хэлбэрээр сарын турш зохион байгуулав. Ташрамд дурдахад, банкны салбарын нийт хадгаламжийн хэмжээ 2020 оны 9-р сарын байдлаар 16.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 3.1 их наяд төгрөгөөр буюу 22 орчим хувиар өсжээ.

Холбоотой мэдээ