Монголчууд Байгал нуурт сөргөөр нөлөөлөх алхам хийхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-05-25 10:42:47

МОСКВА. /TASS/. Шүрэнгийн УЦС барих төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний талаар Монгол Улс нээлттэй зөвлөлдөөн хийхээр болсон тухай ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яамны хэвлэлийн алба мэдээллээ.

Ийм шийдвэрийг Монголын нутаг дэвсгэрт барих УЦС-уудын барилгын төслийн асуудлаар хийсэн хэлэлцүүлгийн дүнд гаргажээ. Уг хэлэлцүүлэг Улаанбаатар хотод тавдугаар сарын 23-24-нд болсон юм. Талууд “Шүрэн”-гийн УЦС-ын барилга” болон “Орхон гол дээр усны урсгалыг зохицуулан усан сан байгуулах” төслийг боловсруулах, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон нийгмийн үр дагаврын талаарх нээлттэй зөвлөгөөнийг Дэлхийн банкны оролцоотойгоор ОХУ-ын Буриад улс болон Эрхүү мужид хийхээр тохиролцжээ.

Монголын тал мөн Эгийн голын УЦС-ын Сэлэнгэ мөрөн болон Байгал нуурт үзүүлэх гидрологийн нөлөөллийн тайланг, мөн уг станцын техникийн үндэслэлийг танилцуулах юм.

“Хэлэлцээний дүнд монголчууд Байгал нуурийн экологийн тогтолцоонд сөргөөр нөлөөлж болох аливаа алхам хийхгүй гэдэг тохиролцоонд хүрлээ” гэж ОХУ-ын Байгаль орчны яамны мэдээлэлд дурджээ.

Монгол Улс Сэлэнгэ мөрөн болон түүний цутгалууд дээр гурван том УЦС барихаар төлөвлөсөн нь Байгал нуурын экологийн байдалд нөхөж баршгүй сөрөг үр дагавартай байж болзошгүй тухай мягмар гарагт зарим хэвлэлүүдэд бичсэн билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ