Сүүлчийн дүрвэгсдийн төлөөх Туркийн зовнил

ТОЙМ
mn_tuul@montsame.mn
2016-05-25 16:27:45

Турк улс. Нийслэл Анкара. 2016.05.18. Өглөөний 05 цаг. Нэг цаг 30 минутын дараа би буудлынхаа үүдэнд зогсож байх ёстой. Тиймээс эртлэн босов.

Босох зуураа “Өнөөдөр миний хувьд онцгой бас гунигтай өдөр болох нь дээ” хэмээн бодож байснаа сайн санаж байна. Турк дэх 7 өдрийн аялалын маань хамгийн чухал өдөр. Тэрхүү өдөр миний бие 7 орны 10 гаруй сэтгүүлчдээс бүрдсэн багийнханы хамт Туркийн Газиантеп хот дахь дүрвэгсдийн хуаранд ажиллах ёстой байв. Иймээс л  мэргэжлийн маань хувьд онцгой, хувь хүний маань хувьд гунигтай өдөр болох нь хэмээн бодсон хэрэг.

Өглөөний цайгаа уугаад бид Анкарагаас Газиантеп хот руу орон нутгийн нислэгээр хөдөллөө. Хот хоорондын зай 700.2 км. Нэг цаг орчмын нислэгийн дараа Газиантеп хотын нисэх буудалд газардав. Ачаа бараагаа аваад автобусандаа сууцгаав. Газар нутгийн ерөнхий байдлыг шинжиж, ойр орчмоо харлаа. Уулархаг, өндөр мододтой, ширдэг болсон ногоон зүлэгтэй, дулаан сайхан уур амьсгалтай, монгол шиг сэвшээ сайхан салхитай юм.

Нисэх буудлаас бид тус хотын захиргааны байранд ирж, ерөнхий мэдээлэл авлаа. Газиантеп хот нь 1.9 сая хүн амтай. Төвийн дүүрэгтээ 1.6 сая нь амьдардаг. Туркийн 8 дахь том хот. Хотын гол имиж нь үйлдвэрлэл худалдаа, түүх соёлын өлгий нутаг. Сиритэй 50 км газар нутгаар хиллэдэг. Одоогоор тус хотын нутаг дэвсгэрт 5 ширхэг дүрвэгсдийн хуаран бий. Тэдгээрт 50 мянга орчим дүрвэгсэд амьдарч буй. Манай багийн очих хуаран бол “Низип-II” хуаран аж. Учир нь “Низип-I” гэж хуаран байдаг учраас ийн дугаарлажээ.

Хуаран хүртэл 51 км. Засмал замаар давхисаар цаг орчмын дараа хуаранд ирлээ. Тодорхой газар нутгийг хашаалж төмөр торон хашаа татжээ. Дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллагаас өмнө нь өгч байсан мэдээлэлд, “Төмөр тороор хуаранг хашсан нь дүрвэгсдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хийсэн ажлын шаардлага гэдгийг ойлгоорой. Хэн ч хүссэн үедээ хуарангаас гарч болно. Ер нь өдөрт орж ирж буй дүрвэгсдийн тоог нарийвчлан гаргах боломжгүй. Тухайн өдөр халдлага гарсан эсэх болон бусад нөхцөл байдлын улмаас дүрвэгсдийн орж ирэх хөдөлгөөн өөр өөр байдаг. Хуаран дотроо амьдардаг дүрвэгсэд байхад зөвхөн эмнэлгийн тусламж аваад хуарангаас өдөртөө гараад явчихдаг хүмүүс ч бий” хэмээж байсныг саналаа. Автобусны урд цонхоор буутай харуул харагдана. Хажуугийн цонхоор харвал төмөр сараалж бүхий хашаа, түүний дээгүүр Туркийн далбаа, өөр нэг цагаан тугтай хамт намирч үзэгдэнэ. Биднийг удаан зогсоосонгүй. Бичиг баримт ч үзсэнгүй. Ингээд дотогш нэвтрэв.

Биднийг угтсан хамгийн анхны хүн бол 10 гаруй насны сири хүү. Цаанаас бас нэг хүү гүйж ирэв. Найзууд бололтой. Хоёул бие биенээ мөрлөөд цагаахнаар инээх. Цааш давуулж харвал эгнээлж байршуулсан чингэлгэн сууцнууд харагдана. Хуаранд очихын өмнө “Контейнерын хотхон” хэмээн яриад байсан нь ийм учиртай байж.

145 мянган км.кв газарт 908 чингэлгэн сууц байрлуулжээ. Зарим хуаран дүрвэгсдийг майханд хүлээж авч байгаа бол нөгөө нэг нь чингэлэгтэй төстэй сууцанд сири болон иракчуудыг суурьшуулсан байв. Өөрөөр хэлбэл дүрвэгсдийн хоргодох байрыг гурван төрлөөр шийдсэн гэсэн үг. Тухайлбал, тус хуарангийн чингэлэг гэхэд 21 м.кв, дотроо амьдрах хоёр өрөө, нэг угаалгын өрөө бүхий зохион байгуулалтай. Хөргөгч, зуух зэрэг цахилгаан хэрэгслээр хангасны зэрэгцээ өвлийн халаалагч, зун цагт хэрэглэх сэрүүцүүлэгч, хэрэглээний халуун устай юм. Үүний зэрэгцээ дүрвэгсдийг дотоод зохион байгуулалтад оруулж, бүлэг болгосон ба өөрсдөө удирдлагаа сонгодог. Уламжлах санал хүсэлт байвал ахлахдаа хэлнэ. Ахлах нь цааш дамжуулж шийдвэрлүүлдэг аж.

 

Дүрвэгсдэд үзүүлж буй дараагийн гол дэмжлэг бол хоол хүнс. Анхны дүрвэгсдийг туркийн хүмүүнлэгийн байгууллагынхан өөрсдөө хооллох байдлаар асуудлыг шийдвэрлэсэн ч төдийлөн оновчтой байгаагүй гэнэ. Зарим хүмүүст хоол унд нь таарахгүй байх гэх мэт асуудал үүссэн учир хуаран бүрт 2-3 дэлгүүр ажиллуулж, нэг сарын хүнсний хэрэглээнд тохирох тодорхой хязгаар бүхий үнийн дүнтэй худалдан авалтыг дүрвэгчид өөрсдөө хийдэг болсон байна. Худалдан авалтдаа “AFAD card” ашигладаг. Үнийн дүнгээр тооцвол сард 85 лирийн хүнс худалдан авах боломжтой. Энэхүү гарц нь дүрвэгсдэд өөрсдийнхөөрөө амьдрах таатай нөхцөл болж өгсний дээр туркийн талынхан ч мөн нэг талын ачааллаа хөнгөвчилж чадсан байна.

 

Амьдрал хаана байна тэнд хооллож ундлах, хоргодох орон сууцны хэрэгцээнээс гадна нийгмийн хэрэгцээ хэзээд урган гардаг хойно доо. Дүрвэгсдэд ч гэсэн боловсрол, эрүүл мэнд, харилцаа холбоо, аюулгүй байдал гэх зэрэг дараа дараагийн хэрэгцээ үүссэн байна. Ганц “Низип-II” гэлтгүй бусад хуаранд ч гэсэн хүүхдүүд олноор байдаг тул цэцэрлэг, сургууль тун шаардлагатай зүйлүүдийн нэг болсон бөгөөд одоо ч шаардлагатай хэвээр байгаа гэнэ. Тиймээс дүрвэгч хүүхэд бүрт боловсрол эзэмшүүлэхэд туркийн талаас ихээхэн анхаарч байгаа гэдгээ албаны хүмүүс хэлж байлаа. Тус хуаран гэхэд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэг, бага болон ахлах сургуультай. Цэцэрлэг сургууль тус тусдаа байртай. Сургалтыг сири боловсролын хөтөлбөрөөр явуулдаг. Хэзээ нэгэн цагт дайнд дууслаа гэхэд хүүхдүүд боловсролын хоцрогдолгүй байх ёстойг  тооцжээ. Одоогоор хуаран 2057 суралцагчтай, 115 багштай. Ахлах сургууль төгсөөд хэрэв их дээд сургууль суралцах бол тэтгэлгээр сургадаг. Нэг оюутны гар дээр олгох сарын тэтгэмж нь 600 лир. Үүнээс гадна оёдол, компьютер, үсчин зэрэг сургалт явуулдаг. Эмнэлэг 24 цагаар үйлчилнэ. Эрүүл мэндийн үйлчилгээ үнэ төлбөргүй. Камераар харуул хамгаалалтын ажиглалтыг хийдэг. Аюулгүй байдал тэнд тун чухалд тооцогдоно. Түүнчлэн угаалгын газар хоёртой. Нэг нь насанд хүрэгчдийнх, нөгөө нь хүүхдийнх. Номын сан нь томчуудын ба хүүхдийн гэсэн хоёр янз. Бас хоёр ч тоглоомын талбайтай. Хөлбөмбөг, гар болон сагсан бөмбөгийн талбай гээд юм юм байна.  

 

Статистик үзүүлэлтээр “Низип-II” хуаранг хүүрнэвэл, 2013 оны нэгдүгээр сард анхны Сири дүрвэгчдийг хүлээж авсан. Одоогийн байдлаар нийт 4828 дүрвэгч амьдарч байгаа. Түүнээс 0-4 насны хүүхэд 766, 5-11 насныхан 1086, 12-17 насны 732, 18-59 насны 2044, 60-аас дээш насны 200 дүрвэгч бий аж. Хүйсээр нь авч үзвэл эмэгтэй 2403, эрэгтэй 2425 дүрвэгч байна. Өнгөрсөн хугацаанд 37 хүн нас барж, 340 хүүхэд шинээр мэндэлжээ. Дүрвэгсдийн асуудал хариуцсан гол байгууллага бол AFAD. Манай онцгой байдлын байгууллагатай ойролцоо үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож болмоор. Хэн нэгэн дүрвэгсэд ирсэн тохиолдолд эхлээд ямар нэг зэвсэгтэй эсэхийг шалгана. Дараагаар эмнэлгийн үзлэгт оруулна. Эцэст нь бүртгэлжүүлдэг байна. Дүрвэгчдийн асуудал хариуцсан байгууллагаас хамгийн эхний ээлжинд бэлэвсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин хүүхдүүдэд тусламж үзүүлдэг. Тиймээс бидний очсон хуарангийн бараг тал хувь нь хүүхдүүд.

 

Охидууд нь их нүүрэмгий. Дагаж гүйнэ. Гар барина. Их эрх. Хөвгүүд нь бүрэг. Асуултад инээх төдийгөөр хариулна. Хуарангийн дундуур явж үзлээ. Сууцнууд нь бүгд нэг эгнээнд тул эгнээ дуусахад нэг хэсэг гудам гарна. Тэгээд л дахин чингэлгэн сууц үргэлжилнэ. Сууцныхаа өмнөх хэцэнд сири хүүхнүүд угаасан хувцсаа өлгөж зогсох, ганц нэг настайчууд гадаалж суух, хүүхдүүд бужигналдан тоглох. Ийм л нэг энгийн дүр зураг энд өдөр бүр үргэлжилдэг бололтой. Сэтгэл сэмэрч, өр өвтгөмөөр байдал угтах болов уу гэж бодсон, харин ч санасныг бодоход харьцангуй жигд амьдрал, тайван орчин биднийг угтсан гэдгийг зориуд тэмдэглэх нь зүй байх.

Хаашаа л явна хүүхдүүд дагаж гүйлдээд байхаар хүүхдийн нүд хуурах ахиухан чихэр боовгүй гарсандаа харамсав. Ер нь бол юм тарааж болохгүй гэх юм билээ. Олон хүн төвлөрүүлж амь нас, эрүүл мэндийг нь сахин харгалзаж байгаагийн хувьд энэ нь бас зөв л санагдсан. Үүгээр түүгээр явахдаа эмэгтэйчүүдийн зургийг аль болох битгий аваарай гэсэн анхааруулга өгч байсан. Өөрсдөө ч зураг авах гэхээр гараараа хаах, цааш харах зэрэг үйлдэл үзүүлдэг болохоор зураг авах оролдлого хийсэнгүй. Харин хүүхдүүдийн зургийг чөлөөтэй авсан. Өөрсдөө ч зургаа авахуулах дуртай. Сүүлд нь ажвал бидний гэрэл зураг хүүхдээр "амьсгалсан" байв.

Сири хүүхдүүдийн зурсан дайны тухай зургаар багавтар үзэсгэлэн гаргажээ. Нулимстай нүд, эвдэрч сүйдсэн байшин барилга, нэгнийхээ гар дээр амь тавьж буй нас барагсад, дайныг зогсоохыг хүссэн хүсэл мөрөөдлөө хүүхдүүд өөр өөрийнхөөрөө буулгажээ. Энэ дотроос нэг зураг миний анхаарлыг ихэд татсан юм. Тэр зурагт өндөрлөг дээр байх байшингаас нэг эрэгтэй хүн уруудаад алхаж байгааг дүрсэлжээ. Бодвол гэрээсээ гарч яваа бололтой. Мөнхүү эрэгтэй хоёр гартаа чемодантай, эргэж харалгүй эгц өмнөхөө харан алхаж байх юм. Харин өнөөх эр-гэр хоёрын хооронд уртаас урт хар сүүдэр гарсан байх. Зураг ямар ч өнгө будаггүй, зөвхөн хар харандаагаар энэ бүхнийг өгүүлсэн байв. Эх хүний хувьд, эмэгтэй хүний хувьд энэ зураг намайг арайтай л уйлуулсангүй. Ямар ч хүний гэр орон хичнээн хол байлаа ч гэртээ харих зам хамгийн ойр, хамгийн сайхан нь байдаг гэдэг. Өнөөгийн нөхцөлд Сиричүүдийн хувьд гэртээ харих зам хамгийн хол, тодорхойгүй болчихжээ. Сири улс иргэний дайн эхлэхийн өмнө 20 сая хүнтэй, дотооддоо ололттой, алдаатай тусгаар улс байв. Өнөөдөр тус улсаас дүрвэсэн хүний тоо олон зуун саяд хүрсэн шигээ хэдэн зуун сая хүнд хүмүүнлэгийн туслалцаа шаардагдаж байна.

 

Турк улс өнөөдөр 10 хот сууринг түшиглэн нийт 26 дүрвэгсдийн хуаранг өөрийн газар нутаг дээр байгуулж, дайны хөлөөс дайжсан 3 сая хүнийг хүлээн аваад байна. Сирийн анхны дүрвэгч 2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Туркэд ирсэн гэж үздэг. Тэр үеэс хойш дүрвэгсдийг хүлээн авч байгаа гэвэл Туркчууд 5 жилийн хугацаанд зогсолтгүй хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байна. Томоохон хэмжээний энэ үйл явцын эхлэлийн дүр зургийг харвал үнэхээр зүрх шимшрэм. Ачааны машин дээрээс тусламжийн бараа түгээж, түүнд тэмүүлэх бужигнасан олныг өнөөдөр нэг гольдролд оруулж чадсан байна. Статистик мэдээллээс харахад хуарангууд хамгийн багадаа 2000 хүнтэй байхад хамгийн их нь 30 мянган хүнтэй байх. Гэхдээ хуаран бүрт нэг стандарт үйлчилнэ. Цаашдаа хүмүүнлэгийн ямархан сорилт Туркуудын төдийгүй дэлхийн улс орнуудын өмнө хүлээж байгааг одоо тодорхойлж хэлэх аргагүй. Ямартай ч өнөөдөр туркуудээс хэн тусламж хүсч байна, тэр бүрд нээлттэй хандаж байна. Шашин шүтлэг, арьс өнгө, эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу хэмээн ялгаварлан гадуурхах бодлого тэнд алга. Туркууд дүрвэгчдэд тун хүндэтгэлтэй хандана. Тэд дүрвэгч гэх үгийн оронд Сиричүүдийг манай зочид хэмээн нэрлэх юм билээ. Өнөөгийн хүлээж авсан 3 сая дүрвэгч гэдэг бол нэг улс орны нийт хүн амтай тэнцэх тоо. Тиймээс өнөөдөр Турк улс нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн тал дээр ихээхэн ачаалал үүрч байна. Туркууд өөрсдийн авбал зохих хэмжээний дүрвэгчдийг авсан гэж үзэж байгаа аж. Гэхдээ тэд үхэл амьдралын заагт байгаа энгийн иргэдэд нуруугаа харуулах бодолгүй байна. Өөрөөр хэлбэл, Турк улс тамираа тасартал хүмүүнлэгийн бодлогоо үргэлжлүүлэх бодлого барьж байгаа гэдгийг яам, агентлагийн түвшний удирдлагууд илэрхийлж байсан юм.

 

Аливаа үйл явц нэгэн цагт эхэлсэн шигээ дуусдаг жамтай. Туркийн нөмөрт хоргодсон дүрвэгсдийн олонх нь Сири дэх дайны гал нэг сайхан нартай өдөр дуусна гэсэн хүлээлттэй амьдарч байна. Дайн дууссан үед тэд эх нутагтаа буцаж тариалж байсан тариагаа тарьж, эрхэлж байсан аж ахуйгаа эрхэлж урьдын сайхан үе шигээ амьдарна гэсэн чинхүү ганц мөрөөдөлтэй өдөр хоногийн үдэж сууна. Магадгүй Туркэд үлдэх, цаашилбал Туркээр дамжин бусад орон руу гарах ганц нэг хүн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л олонхийн мөрөөдөл бол өссөн төрсөн нутаг руугаа буцах юм. Тэдний хүсэл мөрөөдөл хэзээ биелэх вэ гэдэгт дэлхий ертөнц өнөөдөр тодорхой хариултгүй сууна. Дүрвэгчдийн хөдөлгөөн хэзээ татрах нь тодорхойгүй, хүмүүнлэгийн үйл хэрэг үргэлжилж мэдэхээр байна.

 

Тиймээс өнөөдөр Туркийн Истанбул хотноо орон орны удирдагчид цугларсан НҮБ-ын Дэлхийн дээд хэмжээний хүмүүнлэгийн анхдугаар уулзалт үйл ажиллагаагаа эхэлж байна. Турк улсын гадаад хэргийн сайд Мэвлүт Чавушолу энэхүү уулзалтын өмнө  бичсэн уриалгадаа дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тохиож байгаагүй хүмүүнлэгийн хямралтай нүүр тулаад байгаагаа цохон тэмдэглээд тэдний үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж нь зөвхөн өвчний шинж тэмдгийг биш шалтгаан нөхцлийг арилгахад чиглэгдэж байгаа гэдгийг цохон тэмдэглэсэн удаатай. Энэ удаагийн уулзалтаар сунжирсан хямрал, дүрвэгсдийн давалгааны эсрэг авах арга хэмжээнээс гадна тогтвортой, найдвартай хүмүүнлэгийн санхүүжилтийн талаарх асуудлыг авч хэлэлцэх юм. Туркийн тал энэхүү уулзалтын бэлтгэл ажилд ихээхэн ач холбогдол өгсөн шигээ томоохон үр дүн гарна гэдэгт итгэл төгс байгаа юм.

Б.Туул

 

 

Холбоотой мэдээ