НҮБ, АХБ гэр хорооллыг хөгжүүлэхэд хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-11-10 16:54:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох 6 дэд төвийг тусгасан. Энэ хүрээнд АХБ болон Европын Хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.

Нийслэл хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор "Нэг төвт хотоос олон төвт хот" болгон хөгжүүлэхээр тусган шинэ дэд төвүүд бий болгох суурь инженерийн “Дэд бүтэц” болон нийгмийн барилга байгууламжийн ажлыг үе шаттай хийж байна.


Хөтөлбөрийн I шатны бүтээн байгуулалтын ажилтай АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, АХБ-ны Монгол Улс  дахь суурин төлөөлөгчийн газрын Хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн А.Хекманн нар өнөөдөр газар дээр нь танилцлаа. Тэднийг төслийн зохицуулагч Д.Авирмэд хүлээн авч төслийн хэрэгжилтийн талаар танилцуулан, төсөл хэрэгжилтийн үр дүн болон цаашид гэр хорооллын төслүүдийг хэрхэн уялдуулан хамтарч ажиллах талаар санал солилцлоо. 


АХБ-ны хөтөлбөрөөр гэр хороололд хийж байгаа бүтээн байгуулалтын ажлыг НҮБ-ын бусад төсөл арга хэмжээтэй уялдуулан хэрэгжүүлснээр илүү үр дүнтэй байх болно.

Уулзалтын үеэр АХБ-ны суурин төлөөлөгч Павит Рамачандран, гэр хороололд хийж байгаа бүтээн байгуулалтын ажлыг НҮБ-ын бусад төсөл арга хэмжээтэй уялдуулан хэрэгжүүлснээр илүү үр дүнтэй байх болно гэдгийг онцоллоо. НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра "Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд хотын төвөөс илүү тав тухтай цэцэрлэг, бизнес инкубатор сургалтын төв, спорт цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн гээд дэд төвийн иргэдэд хэрэгцээтэй олон бүтээн байгуулалтыг хийж, эхнээсээ ашиглалтад орж байгааг харах таатай байна. НҮБ энэ бүтээн байгуулалтаар хийсэн дэд бүтэц, нийгмийн барилга байгууламж дээр тулгуурлан иргэдийг чадваржуулах чиглэлээр хамтран ажиллах боломжтойг дурдлаа.


Тухайлбал, НҮБ-ын салбар байгууллагууд болох UNDP, UNICEF, UNHABITAT (НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн санг, НҮБ- ын Хабитатын үндэсний төсөл)-аар дамжуулан дэд төвд оршин суугаа иргэд руу чиглэсэн хөтөлбөр дээр, тодруулбал:

  • UNDP-ээс гэр хорооллын залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа, 
  • UNICEF-ээс дэд төвд хүүхэд хамгааллын чиглэлээр ялангуяа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхэд, эцэг эх болон хүүхэд хамгааллын хамтарсан багийг чадваржуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, 
  • мөн байгаль хамгаалал,  ногоон орчин бий болгоход хамтран ажиллах боломж байна.

Төслийн зорилго нь цаашид тухайн дэд төвүүд барилгажих, нийгэм эдийн засгийн хувьд бие даан хөгжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, инженерийн болон дэд бүтцийн хангамжийг цогцоор нь шийдэх юм. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хот шинэчлэл, хот байгуулалтын хүрээнд хийж буй урт хугацааны шийдэл. Үүнд АХБ болон НҮБ хамтран ажиллахаар болж буйг уулзалтаар хөндлөө.

Холбоотой мэдээ