Ховд аймагт “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-05-26 12:02:32

Ховд аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Дэлгэрбаяртай уулзаж шинэ хэрэгжиж эхлэх гэж байгаа Нийгмийн эгэх хариуцлага төслийн талаар тодруулж ярилцлаа.

-Монгол улсад хэрэгжиж буй Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх юунд чиглэгдэж байгаа, аль салбарт илүү түлхүү ажиллах вэ?

-Монгол Улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл  2015-2019 онд сонгогдсон 10 аймаг, Улаанбаатар хотын 3 дүүрэгт хэрэгжихээр төслийн баримт бичгээ боловсруулаад байна. Нийтдээ 3,1 сая ам.долларын төсөвт өртөгтэй. Дэлхийн банкнаас 0,5 сая ам.доллар, үлдсэн 2,6 сая ам.долларыг Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран санхүүжүүлж байгаа  төсөл юм. Тэргүүлэх гол салбар нь нийгмийн салбар болох боловсрол, эрүүл мэндийн салбарт нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх зорилгоор хэрэгжих юм. Ерөнхийдөө энэ төслийн гол зорилго нь төрийн шийдвэр гаргалтанд дуу хоолойгоо өргөж чаддаггүй, нийгэмд байдаг хэвшмэл ойлголтоор ядуус, нийгмийн эмзэг давхаргын хүмүүсийн дуу хоолойг төрийн шийдвэр гаргалтанд оролцуулах, эдгээр хүмүүс маань төрийн шийдвэр гаргалтанд оролцсоноороо амьдралын түвшин дээшилж, боловсрол эрүүл мэндийн үйлчилгээг адил тэгш хүртэх боломжоор хангагдах явдал юм.

-Эгэх гэдэг нь яг ямар учир утгатай юм бэ?

-Сүүлийн арваад жилийн хугацаанд англи хэлний “social accountability” хэмээх ойлголт нь монгол хэлнээ орчуулагдахдаа “нийгмийн хариуцлага”, “иргэдийн хяналт” гэсэн ийм үгчлэлээр хэрэглэгдэж байсан. Улмаар хэл шинжлэлийн болон бусад холбогдох чиглэлийн 20 гаруй эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор удаа дараагийн хэлэлцүүлэг өрнүүлсний эцэст “Нийгмийн эгэх хариуцлага” гэсэн  нэгдсэн ойлголтонд хүрсний дагуу энэ үгийг ашиглаж эхлээд байна.

-Ховд аймагт энэ төслийг хэн гардаж, хариуцаж хэрэгжүүлэх вэ?

-Өмнө нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байсан төсөл хөтөлбөрүүд орон нутагт байрлаж, тусгай нэг баг гаргах юмуу, төслийн зохицуулагч, төслийн менежер гэх мэт байдлаар үйл ажиллагаа явуулдаг байсан бол энэ удаагийн Дэлхийн банк болон Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран санхүүжүүлж байгаа энэ төсөл суурь судалгаа хийсний үндсэн дээр ТББ-уудаар дамжуулж орон нутагт хэрэгжүүлэхээр болсон. Гэхдээ үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг томоохон ТББ-ууд зөвлөх үүрэгтэй оролцоно. Мөн орон нутгийн төрийн байгууллагууд нь хамтран оролцож болно. Гэхдээ яг гардан хэрэгжүүлэгч нь бол иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-ууд байна. Түншлэгч байгууллагууд гэхээр Засгийн газрын холбогдох агентлагууд, тухайн сонгогдсон аймаг, дүүргүүдийн нутгийн захиргааны байгууллагууд төрийн байгууллагууд болон тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа чадваржсан, мэргэшсэн иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, донор байгууллагууд, олон улсын байгууллагууд, төсөл хөтөлбөрүүд гэх мэт байгууллагууд багтах юм.

-Тухайн төсөлд орон нутгийн оролцоо, хэвлэл мэдээллийн оролцоо хэр байх вэ?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үүрэг,  оролцоо маш чухал. Хүний чихэнд дасаагүй ч гэдэг юм уу нэр томъёоноосоо эхлээд бэрхшээлтэй байгаа. Яг энэ төслийн үйл ажиллагаа, зорилтот бүлэг, энэ төслийн баримт бичиг, алсын хараа, зорилго гээд иргэдэд танилцуулахад мэдээж ХМХ-үүдийн үүрэг оролцоо маш чухал. Энэ төслийн танилцуулга сургалтыг бид аймаг, орон нутагтаа 2 удаа зохион байгуулчихаад байна. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ иргэд, олон нийтэд энэ төслийн талаар мэдээлэл өгөх, тэдэнд зөв сурталчилгаа хийхэд тэдний оролцоо маш чухал байх болно. Иймээс ч орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хэвлэлийн байгууллагуудын төлөөллийг төслийн танилцуулах сургалтанд урьж оролцууллаа.

-Өмнө нь зорилтот бүлэг рүү чиглэн хэрэгжиж байсан төслүүдээс юугаараа ялгаатай вэ?

-Төсөл гэхээр хүмүүс хүний нүдэнд ил харагдах байшин барилга ч юм уу томоохон бүтээн байгуулалтыг төсөөлөөд байдаг.  Харин манай энэ төслийн гол зорилго нь юу гэхээр ерөөсөө л төрийн шийдвэр гаргалтанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, өөрөөр хэлбэл чадваржсан иргэн, мэргэшсэн ТББ-уудыг бий болгох, ингэснээр алсдаа ядуурал харьцангуй ихтэй орон нутгийн иргэд төрийн шийдвэр гаргах үйл явцад оролцох, чанартай үйлчилгээг хүртэх боломжоор хангагдах явдал юм. Эдгээр хүмүүс маань чадваржаад, туршлагажаад, шинэ мэдээллээр өөрийгөө баяжуулаад ирэхээрээ төрийн шийдвэр гаргалтанд дуу хоолойгоо өргөдөг болно гэсэн үг. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны процессын эхний шатнаас нь эхлээд төлөвлөлт, зохион байгуулалт, гүйцэтгэл, хяналт гээд бүхий л үйл явцад нь дуу хоолойгоо өргөөд явах боломжтой болж байна гэж ойлгож болно. Ингээд бүхий л үе шатанд нь иргэдийн оролцоо байгаад ирэхээрээ төрийн байгууллагын шийдвэр нь илүү иргэдэд ойр шийдвэр болох юм. Нөгөө талаараа боловсрол болон эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал дээр, энэ салбаруудын үйлчилгээг эрх тэгш хүртэж чаддагүй иргэд маань энэ зүйлс дээр чадавхижаад ирэхээрээ өөрийнхөө эрх үүргийг ухамсарлаад хэлэх эрхтэй болж байгаа. Түүнчлэн иргэд шийдвэр гаргалтанд өөрийнхөө дуу хоолойг өргөснөөрөө, өөрийн өөрийн онцлогт тохирсон төрийн үйлчилгээг авах боломж нээгдэх юм. Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх энэ төсөл маань өмнө нь Филиппин улсад хэрэгжиж байсан. Манайд хэрэгжих төсөл нь Дэлхийн банкны “Check mу service” болон “Иргэдийн оролцоотой аудит” зэрэг төслүүд дээр тулгуурлан Монгол хөрсөн дээр бууж байгаа төсөл юм.

-Манай аймагт Жаргалант сумын ОНХС-ийн зарцуулалтыг юунд зарцуулах вэ гэдгийг   иргэдээс санал аваад хэрэгжүүлж байгаа. Үүнтэй адилхан боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч чадахгүй байгаа иргэд яг өөрийн тулгамдаж байгаа асуудлаар төрийн шийдвэр гаргалтанд нөлөөлнө гэж ойлгож болох уу?

-Ерөнхийдөө тэгж ойлгож болно. Одоогоор олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагууд зорилтот бүлэг рүү ихэнхдээ чиглэж төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Энэ төслийн хүрээнд маш олон тулгамдаж байгаа асуудал байгаа боловч хүний нэн тэргүүний асуудал болох боловсрол, эрүүл мэндийг чухалчилж үзэж байгаа. Түүнчлэн энэхүү төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа хэд хэдэн асуудал бий. Нэгдүгээрт ядуурлыг бууруулахад ач холбогдол бүхий эрүүл мэнд, боловсролын салбарт голдуу анхаарлаа хандуулахаар байгаа, өөрөөр хэлбэл энэ төсөл хэрэгжсэнээрээ эерэг, бодит байдлууд тухайн орон нутагт бий болох боломжтой. Энэ төслийн бас нэг зүйл бол биднээс гадна төсөлд хамрагдаж буй иргэд маань илүү хичээл зүтгэл, идэвхи чармайлттай, санаачлагатай байх шаардлагатай гэсэн зүйл яваад байгаа.

Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл нь дараах зарчмыг баримтлан ажиллахаар байгаа. Ядуурлыг бууруулахад хамгийн ач холбогдол бүхий эрүүл мэнд, боловсролын салбарыг онцолсон байгаа. Хоёрдугаарт нь  иргэдийн төрийн байгууллагууд дахь шийдвэр гаргалтанд нөлөөлөх, иргэдийн манлайллыг бий болгох. Ялангуяа манай ХМХ-ийнхэн манлайлж ажиллах шаардлагатай. Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлага гэдэг зүйл нэр томъёо нь яг юу юм бэ, үүний цаана яг юу багтаж байна вэ гэдгийг иргэдэд маш сайн мэдээлэх шаардлагатай. Гуравдугаарт Монгол Улсын хөгжилд нөлөөтэй, нээлттэй байдлыг дэмжиж ажиллах гэж байгаа. Олон улсын түвшинд ч, үндэсний түвшинд ч, орон нутгийн түвшинд ч, төслийн хүрээнд ч тэр ил тод, нээлттэй байдлыг нэн тэргүүнд дэмжиж ажиллана. Дөрөвдүгээрт төсөл хэрэгжиж буй бүхий л түвшиндээ аргазүйг туршиж, сайжруулах. Хэрвээ бид энэ төслийн хүрээнд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахдаа тухайн үйл ажиллагаа, арга хэмжээ болгоноосоо сургамж аваад, туршлагажаад өдөр тутмын үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой болж байгаа. Ингэснээр өөрсдийн өөрчлөлт, амжилтыг тогтмол хянаж, сайжруулж байх шаардлагатай. Тавдугаарт урт хугацааны тогтвортой байдлын төлөө институцийг бүрдүүлэх. Өөрөөр хэлбэл орон нутгийн дээр дурьдсан оролцогч талуудын чадавхийг бэхжүүлснээр нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тодорхойлох боломжтой болно. Чадавхижсан иргэн, ТББ бий болсноороо энэ нь орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэсэн ийм зарчмуудыг голлон хэрэгжүүлэх болно.

-Төсөл хэрэгжсэнээр ямар эерэг үр дүн гарах вэ?

-Өөрөөр хэлбэл нийгмийн эгэх хариуцлагын ач холбогдол нь  Монгол улсад Засаглалын асуудлуудыг шийдвэрлэхэд нийгмийн хариуцлага маань үр нөлөөгөө үзүүлнэ, Өөрөөр хэлбэл Дэлхийн банкнаас юу гэж үздэг вэ гэхээр нийгмийн эгэх хариуцлага нь төрийн бодлого боловсруулалт, хэрэгжүүлэлтийн үйл явц дахь ил тод, хөнгөн шуурхай байдлыг нэмэгдүүлнэ. Ингэснээрээ иргэдийн сайн сайхан байдал, шаардлагатай засаглалын хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх арга зам гэж үздэг. Төрийн зүгээс иргэдийн саналыг хүлээн авснаараа, тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлоод эрэмбэлнэ гэсэн үг. Тэдгээрийн уг шалтгааныг нь судалгааны үндсэн дээр илрүүлээд, дээр хэлсэнчлэн тухайн асуудлыг шийдвэрлэх асуудлуудаас сонгож, хүн бүрт тохирсон шийдвэр гаргана гэсэн үг. Тэгснээрээ засаглалын үйл ажиллагааг сайжруулахад иргэдийн оролцоо нэмэгдэнэ гэж ач холбогдлоо тодорхойлж байгаа. Хоёрдугаарт анхаарлын гадна орхигдсон нийгмийн зорилтот бүлгийн иргэд рүү чиглэж ажилласнаараа иргэдийг чадавхижуулах, тэднийг төрийн шийдвэр гаргалтанд “дуу хоолойгоо” хүргэх боломжийг бий болгоно гэсэн үг. Гуравдугаарт эрхзүйн шинэ баримт бичгүүд, хуульд энэ хандлагыг дэмжиж байна. Өөрөөр хэлбэл хууль эрхзүйн орчинд энэ нь хэрхэн хэрэгжих, иргэд хэрхэн чиглэгдэхийг оруулж өгсөн байгаа. Төгсгөлд нь төрийн зүгээс ил тод байдал, иргэдийн оролцоог хангахад анхаарч, зохих өөрчлөлтүүдийг хийж эхэлж байгаа гэсэн ийм ач холбогдлуудыг одоогийн байдлаар төсөөлөл болгон харж байна.

                                                                                                             Ярилцсан А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ